-Бэлэн мөнгө тараах нь инфляци өсөх шалтгаан болдог. Одоо бэлэн мөнгө тодорхой хэмжээнд хумигдлаа. Үүнээс шалтгаалж инфляцийн түвшин буурах болов уу?
-Засгийн газраас бэлэн мөнгө тарааж буй нь эдийн засагт таагүй нөлөө үзүүлдэг. Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ зах зээлд буй бараа бүтээгдэхүүнээс давчихаар инфляци үүсдэг нь онол, практикт нотлогдсон зүйл. Тиймээс бэлэн мөнгө тараах нь гарцаагүй инфляцийг бий болгоно. Гэхдээ Монголын нөхцөлд инфляци зөвхөн бэлэн мөнгө тарааснаас болж үүсч байгаа юм биш л дээ.
-Бэлэн мөнгө тараахаас өөр юу инфляци өсөхөд нөлөөлдөг вэ?
-Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа. Нэгдүгээрт, бэлэн мөнгө тарааснаас дотоодын хөрөнгө оруулалтыг зогсоож байгаа юм. Өөрөөр хэлбэл, томоохон бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад орох ёстой бэлэн мөнгө иргэдийн гарт зүгээр очиж, өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн зэрэг аар саар зүйл худалдан авахад зарцуулагдаж байна гэсэн үг. Хөрөнгө оруулалт буурсны хэмжээгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх боломж ч төдий хэмжээгээр алдагдаж байна. Хөрөнгө оруулалт буурах хэрээр бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт зогсдог. Хөрөнгө оруулалтаа дэмжихгүй, мөнгийг бэлнээр нь зүгээр иргэдэд тарааснаар зах зээл дэх бэлэн мөнгөний хэмжээ баялгаасаа хэт давснаас мөнгө үнэгүйдэх явц манайд болоод байна.
-Одоо бэлэн мөнгийг хавтгайруулж нийтэд нь өгөхгүй ч нэн ядуу өрхөд халамж хэлбэрээр мөнгө олгоно гэж байгаа. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Үүнийг ч гэсэн зүгээр өгмөөргүй байгаа юм. Тэд ядуугаараа түрүү бариад гэдсээ илж гэртээ хэвтэх биш. Мөнгө хэрэгтэй байгаагийнхаа хэрээр хөдөлмөрлөж байж, хэрэгцээнийхээ мөнгийг олох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ядуу хүмүүс ч баялаг бүтээж болно шүү дээ. Тухайлбал, тохижилт үйлчилгээ, зам засварын ажилд гар бие оролцож болно. Тэгэхгүй ядуу гэсэн тодотголтой хүмүүст энэ мөнгийг олгоод байвал ядуугаараа овоглож, зүгээр суух хүн улам олширно. Харин баялаг бүтээснийхээ хөлсөнд авсан мөнгө инфляцийг өсгөхгүй. Тиймээс инфляцийг тогтвортой барихад бодлого, менежмент хамгаас чухал. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтыг маш их тарамдуулж байна. Манайхан жижиг, дунд үйлдвэрийг дэмжсэнээр бүтээгдэхүүн бий болж, үйлдвэрлэл нэмэгдэж, ажлын байр бий болно гэсэн сэтгэл зүй бий болоод байна. Манай улсын нөхцөлд энэ нь тийм ч зөв алхам биш. Манайхан жижиг, дунд үйлдвэрлэлд хэт хөл алдах шаардлагагүй мэт санагддаг. Учир нь манай улс хоёр том гүрний дунд байрладаг. Тэдний жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зах зээлд өрсөлдөх чадвар сайтай, дэлхийд толгой цохидог. Гэтэл манай бүтээгдэхүүн өрсөлдөх чадвар султай. Тиймээс зах зээлд өөрийн байр сууриа олж чадахгүй байна. Тэгсэн атлаа өрсөлдөх чадваргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх маш олон төсөл хөтөлбөрт зээл олгоод, дэмждэг. Гэтэл баахан мөнгө үрэн таран хийсний үр дүнд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь зах зээлд байр сууриа олж чадахгүй байна. Тиймээс нөхцөл байдалдаа тохирсон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж байх ёстой байгаа юм.
-Бэлэн мөнгө тараахгүй, жижиг дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийхгүйгээр иргэдэд хамгийн зөвөөр яаж хүргэх вэ?
-Жижиг, дунд үйлдвэрлэлд хөрөнгө оруулахыг үгүйсгэж байгаа юм биш. Иргэдэд хавтгайруулж бэлэн мөнгө тараадаг шигээ хавтгайруулж битгий өгөөсэй. Зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа онцгой төслүүдэд л хөрөнгө оруулалт хийж, бусад мөнгийг нь томоохон бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах шаардлагатай. Хөрөнгийг төвлөрүүлээд томоохон бүтээн байгуулалт эсвэл төвлөрсөн томоохон үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх ёстой. Манайд тийм хэмжээний хөрөнгө, боломж нь байгаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээ манайх дэлхийн зах зээл рүү түүхийгээр нь гаргадаг. Тиймээс манайд мал аж ахуйн түүхий эд, нефть, нүүрс боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна. Үүнд хөрөнгө оруулж болно. Дотооддоо түүхий эдээ боловсруулаад эцсийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргавал бидэнд илүү ашиг авчирч, эдийн засагт маань ч эерэг нөлөө үзүүлнэ.
-Монголбанк он гарсаар бодлогын хүүгээ хоёроос гурван удаа нэмлээ. Үүнийгээ инфляцитай тэмцэх арга хэмээн тодорхойлж байгаа. Гэтэл үүнийг зарим эдийн засагч буруушааж байна. Таны бодлоор энэ нь хэр зөв алхам бэ?
-Энэ нь инфляцийг тогтвортой барихад нөлөөлж чадахгүй. Онолын хувьд мөнгөний бодлогын хүүгээр инфляцийг зохицуулна гэж байдаг. Гэхдээ манайх шиг ийм нөхцөлд энэ нь тийм ч зөв алхам биш байх.
-Ямар нөхцөлд инфляцийг бодлогын хүүгээр зохицуулж болох вэ?
-Манай зах зээлд зээлийн эрэлт маш их байдаг. Хүү багатай зээл олгодог эдийн засаг мөнгөний бодлогын хүүгээр зохицуулдаг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүү хоёроос гуравхан функтээр өсөхөд зээлийн эрэлт эрс буурдаг мэдрэмжтэй эдийн засгийн үед бодлогын хүүгээр зохицуулж болно.
-Инфляци буюу ханш уналт юунаас болж үүсч байна вэ?
-Сүүлийн үед махны үнэ өссөн нь инфляцид нөлөөлсөн. Энэ тухай ярихаар дахиад л бэлэн мөнгөний асуудал сөхөгдөх болоод байна. Бэлэн мөнгө тараачихаар малчид ойр зуурын мөнгөтэй болохоороо мал, махаа зарах сонирхолгүй болдог. Энэ нь малчдын буруу биш. Ийм үед махны үнэ өсөх нь аргагүй биз дээ. Мөнгөний ханш уналт буюу инфляци нь өөрөө өөрийгөө төрүүлж явдаг гинжин холбоотой. Тухайлбал, манайд шатахууны үнэ өсөхөөр шатахуунаас хамааралтай дараа дараагийн зүйлийн үнэ өсдөг.
-Инфляцитай хэрхэн, яаж тэмцэх вэ?
-Манай улсын хувьд улсынхаа нөхцөл байдлаа буруу үнэлснээс инфляцитай тэмцэж чадахгүй байна. Гүйлгээний хүрээн дэх бэлэн мөнгө, цалингийн хэмжээ яаж өсөх нь бүтээмжтэй уялдаж байх учиртай. Өөрөөр хэлбэл, бүтээмж 10 хувь өссөн бол цалин ч төдий хэмжээнд өснө гэсэн үг. Энэ хэм хэмжээ манайд алдагдаад байна. Бусад улс энэ харьцааг маш сайн барьж чаддаг. Манайд инфляцийг өсгөж буй бас нэг нөхцөл нь сонгуулийн амлалтууд. Энэ жилийн сонгуульд том амлалт харьцангуй бага байлаа. Тиймээс энэ дөрвөн жилд бэлэн мөнгөний хэмжээ, үүнээс үүдэлтэйгээ ханшийн уналт бага байх болов уу гэсэн горьдлого төрж байна.
-Таны бодлоор инфляци өсөхгүй гэж тооцоолж байгаа гэсэн үг үү?
-Яг таг тооцоолох нь ч юу юм бэ. Гэхдээ цаашид инфляци одоо байгаа хэмжээнээс илүү өсөхгүй байх гэж бодож байна. Учир нь инфляци гэдэг зүйл манайд хангалттай хэмжээндээ хүрсэн гэж ойлгож байна. Бараа бүтээгдэхүүн нь ч зах зээлийн үнийн түвшинд хүрсэн. Хамгийн хямд нь мах байсан. Гэтэл одоо махны үнэ ч дэлхийн үнэд нийцэхээр болжээ. Мал аж ахуйн орон гэдэг атлаа хамгийн үнэтэй мах Монголд байна шүү дээ. Одоо энэ л дэлхийн зах зээлээс хямд байна даа гэхээр зүйл байхгүй байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин