Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь МАН-ын зүгээс тавьсан зөвшилцлийн тухай асуудал аж. МАН-ын дарга Ө.Энхтүвшин өчигдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай биечлэн уулзаж, зөвшилцөх хүсэлтээ илэрхийлсэн. Мөн өнөөдөр 11.00 цагт зарласан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн юм. Энэ нь УИХ дахь МАН-ын бүлэг дээрх цагт бүлгээ хуралдуулж, аль болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох талаас шийдэл гаргахтай холбоотой байсан тул саналыг хүндэтгэн хүлээн авч, УИХ-ын даргад асуудлыг тавин, 15.00 цагт чуулганыг хуралдуулахаар болгосон тухай онцоллоо.
АН-ын бүлгийн хэлэлцсэн гурав дахь асуудал нь Хөгжлийн банктай холбогджээ. Бүлгийн гишүүд тус банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэргэжилтнүүдээс мэдээлэл сонссон байна. Уг нь Ардчилсан намын бүлгийн гишүүд Хөгжлийн банкны удирдлагаас мэдээлэл сонсохыг хүссэн боловч тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал ирээгүй аж.
Монгол Улсын Засгийн газраас Хөгжлийн банкийг байгуулсны дараагаар 600 сая ам.долларын бондыг худалдаалж хөрөнгө босгожээ. Гэвч бондын гаргасан хүүгийнх нь зардал өдөрт 120 сая төгрөг болж байгаа аж. Үүнийг сараар тооцохоор 3.6 тэрбум төгрөг болж буй нь энэ хэмжээний алдагдалтай ажиллаж буйг харуулж буй гэнэ. Тиймээс бүтээн байгуулалтын томоохон ажил эхлээгүй байхад Хөгжлийн банк замбараагүй том алдагдалд орсон нь энэ банкны зарцуулалт, төлөвлөлт нь эргэлзээтэй байна гэж гишүүд үзэж даваа гаригт байгуулагдсан ажлын хэсэг үүнд анхаарлаа хандуулах ёстой хэмээн үзжээ.
Эл банкинд одоогоор БНСУ-ын таван ч мэргэжилтэн ажилладаг байна,. Гэвч Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн асуудлаар юу төлөвлөж, хэрэгжүүлэх гээд байгаа нь ойлгомжгүй байна гэж гишүүд үзжээ. Нөгөө талаасаа тус банкны мэргэжилтний хэлснээр Хөгжлийн банкны хувьд хууль эрх зүйн хувьд хүндрэл үүсдэг байна. Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс шинэ дүрэм журамд оруулдаг гэсэн гомдол тавьжээ. Тиймээс бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийнхэн Хөгжлийн банкны удирдлагатай уулзаж дотоод ажилтай нь танилцах шаардлага байна гэж үүрэг өгсөн тухай бүлгийн дарга мэдэгдлээ.
Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчийн асуултад дараах хариулт өгсөн юм.
-Чуулган 15.00 цагтаа хуралдаж чадах уу, МАН-ын бүлгийн гишүүд оролцох болов уу?
-УИХ-ын чуулган 15.00 цагт хуралдана, МАН-ын бүлгийн гишүүд оролцох эсэхийг мэдэхгүй байна. Ямар ч байсан чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг томилох тухай, “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн хоёр гишүүний тангаргыг өргүүлэх ажиллагаа явагдана.
-Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргыг томилох нь тодорхой боллоо. Харин бусад байнгын хорооодыг хэзээ байгуулах вэ?
-Энэ долоо хоногт багтаагаад бусад байнгын хороодыг байгуулна.
-МАН-ынхан чуулганд оролцохгүй гэвэл яах вэ?
-УИХ олонхио бүрдэхээр хуралддаг хуультай, түүнийгээ барина. Ардын намынхан чуулганд оролцохгүй болохоор УИХ байхгүй ээ гэдэг хууль Монголд байхгүй.
-Гэхдээ энэ нөхцөлд байнгын хороодыг бүгдийг байгуулах боломж байгаа юм уу?
-Бидэнд ямар боломж хамгийн их байна, тэр хэмжээгээр байнгын хороодоо байгуулаад УИХ-ын тасралтгүй ажиллагааг хангахыг хичээнэ. Тэр бол бидний үүрэг.