Оюутолгойн зардлыг оны сүүлээр бүрэн шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Оюутолгойн зардлыг оны сүүлээр бүрэн шийдвэрлэнэ

Одоогийн байдлаар бүтээн байгуулалт нь 90 гаруй хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжиж буй Оюутолгой төсөлд 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэгэнт хийгээд буйг “Айвенхоу Майнз” компани мэдээлж байгаа юм. Цаашид уг төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт 5 тэрбум ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг энэ оны сүүлээр бүрэн шийдвэрлэх тухай “Рио Тинто” мэдэгджээ. Гэхдээ Оюутолгойн санхүүжилтэд зориулж, томоохон банкуудаас зээл авахад төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг боловсруулж гаргасан байхыг зээл олгогч байгууллагууд шаардаж буйг “Айвенхоу” урьд нь дурдаж байсан. Төслийн хувьд одоогийн байдлаар байгаль орчин болоод нийгэмд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг хийж дуусгаагүйгээ компанийн төлөөлөл хүлээн зөвшөөрч буй юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Айвенхоу” “Рио Тинто”-гийн хооронд хийсэн гэрээний хүрээнд Оюутолгойн санхүүжилтийг Рио Тинто бүрэн хариуцахаар болсон билээ. Хариуд нь “Рио Тинто” “Айвенхоу”-гийн Захирлуудын зөвлөл дэх зургаан гишүүнийг суудлаас нь чөлөөлж оронд нь өөрийн компанийн төлөөллийг томилсон юм. Мөн “Айвенхоу”-гийн Захирлуудын зөвлөл өнгөрсөн сарын сүүлээр нэгэн чухал шийдвэрийг гаргаад байна.  

Тус компани Захирлуудын зөвлөлдөө хоёр гишүүн нэмж томилохын сацуу нэрээ өөрчлөхөөр шийдвэрлэжээ. Тус компанийн Захирлуудын зөвлөл одоогийн байдлаар 11 гишүүнтэй байгаа юм. Үүн дээр нэмж Уоррэн Гүүдмэн болон Рассел Робертсоныг томилсноор гишүүдийн тоо 13 болох ажээ. Шинээр томилогдох хоёр гишүүн өмнө нь “Рио Тинто”, BMO зэрэг байгууллагад удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай ажээ.

Мөн “Айвенхоу Майнз” компани одоогийн нэрээ “Оюутолгойн баялаг” буюу “Turquoise Hill Resources” гэж шинээр нэрийдэхээр тогтжээ. Энэхүү шинэ нэрээ энэ оны наймдугаар сар гэхэд хүчин төгөлдөржүүлж, мөн сарын 6-ны өдрөөс эхлэн компанийнхаа хувьцааг Торонто, Нью-Йорк, Nasdaq-ийн бирж дээр “TRQ” гэсэн кодтойгоор худалдаалах ажээ.

“Айвенхоу Майнз” компанийн Гүйцэтгэх захирал Кэй Пристли “Зургадугаар сарын байдлаар “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын ажил 90 хувьтай байгаа. Энэ оны хоёрдугаар хагаст эхний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, ирэх оны нэгдүгээр хагасаас худалдааны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлнэ. Монгол, Хятадын Засгийн газар төсөлд шаардлагатай эрчим хүчийг импортлох талаар яриа хэлэлцээр хийж байгаа. Харин Хятадаас импортлох эрчим хүчний дамжуулах шугамыг тавих ажил долдугаар сард дуусна” гэж мэдэгджээ.

“Оюутолгой” төслийн хувьд ойролцоогоор 150 МВт эрчим хүч шаардлагатай байгаа юм.  Цаашид төслийн хоёрдугаар үе шатыг ашиглалтад оруулахад энэ хэмжээ нэмэгдэх нь тодорхой юм. Хамгийн гол зүйл нь Монголд цахилгаан станц баригдах хүртэлх хугацаанд Хятадын талаас ямар үнээр эрчим хүч худалдаж авах нь тодорхойгүй байна. Албан бус мэдээллээр “Оюутолгой” төсөлд шаардлагатай цахилгааны үнийг 120-150 төг/квт байхаар тохиролцож магадгүй ажээ. Мэргэжилтнүүд Хятадын импортын эрчим хүч 200 орчим төг/квт байдаг гэдэг. Гэхдээ эдгээрийн аль аль нь дотоодын эрчим хүчний үнээс даруй 50-100 хувиар өндөр байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж