Монголын компаниудын хувьцааны ханш унав

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Монголын компаниудын хувьцааны ханш унав

Олон улсын биржүүд дээрх Монголтой хамааралтай компаниудын хувьцааны ханш унасаар байна. Монголын хамгийн том уул уурхайн компани Mongolian Mining Corporation-ийн хувьцаа түүхэн хамгийн доод үнэдээ хүрч, 700 төгрөг болжээ. Шалтгааныг нь нүүрсний үнэ буурч байгаа, Монголд сонгууль болж байгаа, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шинэ хууль батлагдсантай холбоотой хэмээн шинжээчид үзэж байна.

Олон улсын бирж дээр бүртгэлтэй компаниудаас Хонконгийн хөрөнгийн бирж дээрх Mongolian Mining Corporation буюу ММС, Лондонгийн хөрөнгийн бирж дээрх “Петро Матад Лимитед” компанид монголчуудын хөрөнгө оруулалт давамгайлдаг. Дээрх хоёр компанийн хувьцааны ханш сүүлийн саруудад байнга буурсаар байна.
 
Mongolian Mining Corporation

ММС-ийн хувьд сүүлийн гурван сард хувьцааны ханш нь 37 орчим хувиар унажээ. Өнгөрсөн сарын 29-нд 4,05 хонконг доллар болтлоо буурсан хувьцааны хаалтын ханш нь 4,37 хонконг доллар болсон. Энэ нь монгол төгрөгөөр тооцвол нэгж хувьцаа нь 700 төгрөг болсон гэсэн үг. 2010 оны аравдугаар сард анх хувьцаагаа зарж эхэлж байсантай харьцуулахад 50 орчим хувиар хувьцааны ханш нь буурчээ. Зах зээлийн үнэлгээ нь ч жилийн өмнө 4,5 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 2,2 тэрбум болтлоо уначихаад байгаа юм.

Петро Матад Лимитед

Харин “Петро Матад Лимитед” компанийн хувьцааны ханшны тухайд сүүлийн 3 сард 60 гаруй хувиар унажээ. Энэ сарын эхний өдрийн арилжаагаар нэгж хувьцаа нь 9,5 пенс буюу 0,095 фунт байв. Энэ нь монгол төгрөг рүү хөрвүүлбэл нэгж хувьцаа нь 200 орчим төгрөг болсон гэсэн үг. Хувьцааны ханшийн уналтад дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч 90 ам.доллараас доошилсон нь голлон нөлөөлжээ. Газрын тосны хайгуулын компанийн хувьцааны үнэлгээ газрын тосны үнэ ямар байхаас ихээхэн хамаардаг. Мөн компанийн зүгээс энэ зун дахин өрөм тавихгүй гэдгээ албан ёсоор мэдээлсэн нь хувьцааны ханшны бууралтад багагүй нөлөөлсөн юм.

Саутгоби Ресурс

Сүүлийн үед анхаарлын төвд ороод байгаа “Саусгоби Ресурс”-ын хувьцааны ханш ч огцом унасан. Зургадугаар сарын 27-ны баасан гаригийн Хонконгийн хөрөнгийн биржийн арилжаагаар 29 хонконг доллар болсон байв. Өнгөрсөн сард тус компанийн хувьцааны ханш нийтдээ 30 хувиар унасан нь энэ. Тус компанийн 57,6 хувийг эзэмшигч “Айвенхоу Майнз” компани хувьцааны багцаа Хятадын төрийн өмчит “Чалко”-д зарах хэлцэл хийж байгаагаа дөрөвдүгээр сард зарласан. Үүнтэй холбогдуулан АМГ-аас Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Саусгоби Сэндс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь түр түдгэлзүүлээд байсан юм. Үүний дагуу компани олборлолтоо зогсоогоод байна. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард 126 хонконг доллараар худалдаалагдаж байсан хувьцааны ханш ийнхүү тогтмол буурсаар байгаа юм.

Монголтой хамааралтай бусад компаниудын хувьцааны ханш ч огцом буураад байгаа. Өнгөрсөн нэг сарын хугацаанд “Занаду Майнс”-ын хувьцаа 7,5 хувь, “МоЭнКо”-гийн хувьцаа 15 хувиар, “Аспайр Майнинг”-ийн хувьцаа 23 хувиар, “Модун Ресурс”-ын хувьцаа 40 хувиар тус тус унажээ.

Хувьцааны ханш ингэж унах болсон шалтгааныг шинжээчид хэд хэдэн хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Мэдээж Европын өрийн хямрал нааштайгаар шийдэгдэхгүй цаг алдаж байгаа нь олон улсын санхүүгийн захад ч хүчтэй нөлөөлсөөр байгаа. Томоохон биржүүдийн индексүүд ч тогтмол буурсан дүр зураг үргэлжилж байна. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын тухайд дэлхийн эдийн засгийн байдлаас илүү Монголд өрнөж буй үйл явдал ихээхэн нөлөөлж байгааг олон улсын шинжээчид хэлж байна. Тавдугаар сард батлагдсан Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компанид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг шинээр баталсан нь хөрөнгө оруулагчдыг хамгийн их цочроосон. Мөн УИХ-ын ээлжит сонгууль ч хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Bloomberg Businessweek сэтгүүлийн сэтгүүлч Patrick Boehler дээрх хоёр шалтгааны улмаас Монголын компаниудын хувьцааны ханш буурсан хэмээн мэдээлсэн байна. Компаниудын зүгээс ч сонгуулийн дүн ямар гарах бол гэдгийг анхааралтай ажиглаж байгаа аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Chris Mardon “Монголын парламентын сонгууль ямар үр дүнд хүрэх бол гэдгийг хөрөнгө оруулагчид харзнаж байна” хэмээн Bloomberg Businessweeк-т ярьжээ.

Тэгвэл Казахстаны Visor Capital Joint Stock компанийн шинжээч Stanislav Chuyev гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хуулийн талаар “Монголын уул уурхайн салбарт тодорхой хэмжээний эрсдэл бий болж байна. Гадаадын хөрөнгө оруулалт ч хумигдах болно” гэжээ.

Харин ММС тэргүүтэй нүүрсний компаниудын хувьцааны ханш ингэж унаж байгааг зарим шинжээчид коксжих нүүрсний үнэтэй холбон тайлбарлаж байна. Хятадад коксжих нүүрсний үнэ багагүй хэмжээгээр буурч байгаа юм. Өнгөрсөн сарын мэдээгээр Хятадын хойд нутагт буюу манай экспортлогч компаниудын нүүрсээ нийлүүлдэг Баотао хот орчимд нэг тонн коксжих нүүрс 1160 юань буюу 182 ам.долларын ханштай байна. Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн оны сүүлээс хойш тогтвортой байгаа бөгөөд сүүлийн хоёр сард 100 гаруй юаниар буурсан байна. Харин Хятадын далайн импортын үнэ буюу Австралиас авдаг үнэ нь 226 ам.доллар байгаа юм. Дөрөвдүгээр сард 200 доллар байсантай харьцуулахад 26 доллараар өсчээ. ММС-ийн хувьцааны үнийн бууралтыг шинжээчид коксжих нүүрсний үнийн бууралт болон Монголын сонгууль, дотоод нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа юм.

С.Болд-Эрдэнэ

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж