![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/7/22498e2561e06489/f4af79736d6f54b1original.jpg)
Лалын шашны хатуу ёс жаягийн улмаас олимпийн наадмаас хасагдаж магадгүй байдалд ороод байсан Саудын Арабын жүдоч эмэгтэйг хижаб буюу толгойн алчууртай олимпийн татамид гарч барилдахыг зөвшөөрсөн тухайд Саудын үндэсний олимпийн хорооноос мэдэгдсэн байна.
Олон улсын олимпийн хороо, Олон улсын жүдо бөхийн холбоо болон Саудын албаны хүмүүс зөвшилцсөний дүнд олимпийн жүдо бөхийн эмэгтэйчүүийн +78 кг-ын жинд цагаан хуудсаар олимпод оролцох эрхтэй болсон Вождан Шахерканиг барилдааны үеэр хижаб өмсөхийг зөвшөөрсөн шийдвэрт хүрчээ. Ингээд Шахеркани бүсгүй лалын ёс жаягийг үл зөрчин, “зөв бөгөөд зөвшөөрөгдсөн” хувцастай олимпийн татамид гарч барилдах тухай зөвшилцөлд гарын үсэг зурсан гэнэ.
Зуны олимпийн наадамд оролцож буй дэлхийн улс орнууд анх удаа бүгд эрэгтэй, эмэгтэй тамирчдаа олимпод илгээсэн тохиолдол энэ жил тохиож байгаа аж. Саудын Арабын тухайд эмэгтэй тамирчнаа олимпод өрсөлдүүлэхийг зөвшөөрч, албан ёсоор зарласан сүүлийн улс юм.
Өдгөө 16 настай Шахерканигийн тухайд баасан гаригт олимпийн татамид өрсөлдөнө. Энэ зуны олимпийн наадамд Саудын Арабын баг 19 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож буй бөгөөд тэдний дунд хоёрхон эмэгтэй багтжээ. Нэг нь жүдоч Шахеркани бол нөгөөх нь хөнгөн атлетикийн гүйлтийн төрөлд өрсөлдөх Сара Аттар юм байна.