Татварын тайланг шуудангаар илгээх боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Татварын тайланг шуудангаар илгээх боломжтой

Татварын Ерөнхий Газар, “Монгол Шуудан” төрийн өмчит хувьцаат компани хамтран татварын албанд шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэх, албан татварын тайланг шуудангийн сүлжээгээр хүлээн авах, хянах, татвар төлөгчдөд буцаан хүргүүлэх ажлыг эхлүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Энэ дагуу татварын тайланг шуудангаар хүлээн авах, хүргүүлэх үйл ажиллагаа өнөөдөр буюу 8-р сарын 1-нээс албан ёсоор эхэлж байна. Шуудангийн сүлжээгээр НӨАТ-ын улирлын тайланг хүлээн авах бэлтгэл ажил бүрэн хангагдсан талаар Татварын Ерөнхий Газар болон “Монгол Шуудан” компаниас хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс албан татварын бүхий л тайлангаа “Монгол Шуудан” компанийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 400 гаруй салбарын аль нэгээр илгээх боломж бүрдэж байна. Энэ бол татвар төлөгч татварын албанд биеэр хүрэлцэн ирж, цахимаар шивсэн тайлангаа баталгаажуулахаар дугаарлахын оронд шуудангаар илгээх нэг төрлийн шинэ сонголтыг санал болгож буй хэрэг юм. Татварын тайлангаа биеэр хүргэж ирэх боломжгүй, цаг хугацааны хувьд хоцрох магадлалтай тохиолдолд татвар төлөгч аж ахуйн нэгжүүд ийнхүү шуудангийн үйлчилгээг сонгох боломжтой болж байна. Нөгөө талаар татварын тайлангаа шуудангийн үйлчилгээ ашиглан татварын албанд илгээснээр, татварын албанаас эргэж шуудангаар дамжуулан татвар төлөгчидтэй харилцах шинэ гарц нээгдэж байгаа юм.

Татварын албанд шуудангийн үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд олон давуу талыг олгож байгаа юм.

Тухайлбал:

  • Цаг хэмнэнэ –“Монгол Шуудан” компанийн шуудангийн салбараар татварын тайлангаа илгээснээр харьяа татварын хэлтэст биеэр хүрэлцэн очих шаардлагагүй
  • Хуулийн хугацаанаас тайлангаа хоцроох эрсдэлээс сэргийлнэ – Шууданд хүлээн авсныг нотлох огноогоор тайланг тушаасан он сар өдрийг тооцох тул Та хуулийн хугацаа дуусах тухайн өдрийн дотор татварын хэлтэст хүрэлцэн очилгүйгээр, шуудангаар илгээх боломжтой
  • Баталгаатай – Татварын тайлан бүхий шууданг Дэлхийн Шуудан Холбооны конвенцийн дагуу хамгийн өндөр нууцлалтайгаар хүргэж өгөх болно. Тиймээс бизнесийн нууцлалыг баталгаатай хамгаална гэдэгт бүрэн итгэлтэй байж болно

Мөн хэрэглэгч хүсвэл татварын тайлан бүхий шуудангаа хүргэгдсэн эсэх тухай мэдээллийг мэссэж болон и-мэйл –ээр хүлээн авч болох юм.Үүний тулд татвар төлөгч татварын тайлангаа шуудангаар илгээхдээ буцах хаягийн хамт, утас, цахим шуудангийн хаягаа үлдээхэд л хангалттай

Татварын тайлангаа шуудангаар илгээх таван алхам

  1. Та өөрт хамгийн ойр байрлах шуудангийн үйлчилгээний салбарт хандах
  2. Монголын Татварын Албаны тусгай таних тэмдэг бүхий логотой дугтуйг худалдаж авах
  3. Худалдаж авсан дугтуйндаа татварын тайлангаа буцах дугтуйн хамт хийн  шуудангийн үйлчилгээний ажилтанд хүлээлгэн өгнө
  4. Таны дугтуйн дээр бичигдсэн татварын хэлтсийн хаяг байршлын  дагуу тайланг хүргэнэ.
  5. Татварын тайланг хянаж хүлээн авсны дараа таны буцах дугтуйн дээр бичигдсэн хаягийн дагуу буцааж гардуулна.

Анхаарах зүйлс

  • Дугтуйн дээрх шуудангийн өдрийн тэмдгийн огноо нь  татварын тайланг тушаасан хугацааг нотолно
  • Татварын тайланг илгээх 1ш дугтуй худалдаж авахад 1ш дугтуй дагалдаж ирэх бөгөөд уг дугтуйг нугалан тайлангийн хамт хийнэ. Уг нугалсан дугтуй нь татварын албанаас таны хаягаар буцаж ирэх дугтуй юм
  • Буцах болон очих хаяг, шаардлагатай үед холбоо барих утасны дугаарын очих болон буцах дугтуйн дээрээ зөв, гаргацтай бичсэн байна
  • Шуудангаар илгээсэн татварын тайланг хүлээн авсан тухай болон хянаж баталгаажуулсан тухай мэдээллийг Татварын албанаас тухайн татвар төлөгчид үүрэн телефоны дугаар луу мэссэжээр мэдээлнэ
  • Хянагдсан тайланг буцаан илгээхдээ дугтуйн дээрх шуудангийн зураасан кодоор бүртгэл явуулах тул, буцах дугтуйндаа зураасан кодыг ашиглахаа мартаж болохгүй

Үйлчилгээний үнэ тариф

Үндэсний татварын албанаас татварын тайланг илгээхэд шуудангийн үйлчилгээг ашиглах хамтын ажиллагааны гэрээг байгуулахдаа үйлчилгээний боломжит, хамгийн хямд тарифыг баримтлахыг хамтран ажиллаж буй “Монгол Шуудан” төрийн өмчит компанид санал болгосон. Үүний дүнд “Монгол Шуудан” ТӨХК-ийн удирдлагын шийдвэрээр татварын тайланг илгээх хоёр талын шуудангийн тарифыг хамгийн бага тарифаар буюу хот, аймгийн дотор 3500₮, хот хооронд 5500₮ байхаар тогтоод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж