
Энэхүү номын нээлт өнөөдөр 17 цагт “Интер ном” дэлгүүрт болох гэж байна. Энэ талаар Х.Болор-Эрдэнээс тодрууллаа.
-Юуны өмнө хоёр номоо өлгийдөн авсанд баяр хүргэе. Таны номын өмнөтгөл их анхаарал татлаа?
-Баярлалаа. Тийм ээ, миний номнуудын өмнөтгөлийг хэн нэгэн алдартан биш, уншигчид бичиж өгсөн нь сонирхол татаж байгаа байх. Энэхүү туужийн номнууд цахим уншигчдын талархлыг хүлээсэнд сэтгэл өег байна. “Муу залуу” тууж маань “72 цаг” кино болж байгаа. Одоогоор зураг авалтаа хийж байна. Ирэх намар үзэгчдийн хүртээл болох байх.
-“20 жилийн дараа” тууж тань “Би чамд хайртай” киноны эхний хувилбар гэсэн. Уншиж үзсэн, даанч дуусгаж амжаагүй. Естой гоё юм билээ.
-Бидний үзэх дуртай киноны баатрууд энэ цаг үед хэрхэн амьдарч, өнгөрсөн алдаа оноогоо хэрхэн цэгцэлж, хайр сэтгэлийнхээ дуудлагаар хэрхэн огтлолцож, тэртээх он жилүүдээ дурсан санагалзан амьдарч байгаа тухай гардаг. 2007 онд “Хүмүүсийн амьдрал” сонинд цувралаар хэвлэгдэж байсан ч зохиолын төгсгөлийг хэн ч мэдэхгүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс уншигчдынхаа хүсэлтээр хэвлэн гаргасан юм. Энэ номоо дөрвөн жил бичсэн.
Б.Анхаа