АНУ Ираны эсрэг шинэ хориг тавина

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

АНУ Ираны эсрэг шинэ хориг тавина

АНУ-н Ерөнхийлөгч Барак Обама Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авч хэрэгжүүлж буй хоригоо чангатгаж, Ираны эрчим хүчний салбар болон санхүүгийн корпорациудын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ. Ингэснээр Иран улс АНУ-ын явуулж буй хориг арга хэмжээнээс мултрахад улам хэцүү болох юм. АНУ Ираны эсрэг өмнөх газрын тосны хоригуудыг  сунгаж хэвээр үлдээжээ. АНУ болон Европын холбоо нь Тегераныг  цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилгоор  цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж сэрдэж, Ираны газрын тосны экспортод хориг тавьсан билээ. Одоо хэрэгжиж буй Ираны газрын тосны үйлдвэрлэлийн эсрэг хориг нь Ираны нефть, химийн бүтээгдэхүүний худалдааг зогсоож, санхүүгийн чадварыг доройтуулах зорилготой. АНУ-н Конгресс Ерөнхийлөгч Барак Обамагийн зарлигаар энэ долоо хоногт Иранд авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээний тухай шинэ хууль батлахаар санал хураалтанд  бэлтгэж байгаа юм байна. Энэхүү эдийн засгийн хориг нь Ираны Үндэсний Газрын тосны Naftiran Intertrade компани болон Ираны төв банкинд  ам.доллар болон үнэт металл худалдан авахад нь тусалдаг фирмүүдийн эсрэг чиглэжээ. Мөн энэхүү хориг нь Ираныг хориг арга хэмжээнээс гарахад нь туслалцаа үзүүлдэг БНХАУ-н Кунлун банк болон Иракийн Элаф Исламийн банкнуудын эсрэг чиглэгдсэн байна. Шинэ хориг банкуудыг Ираны санхүүгийн системнээс салгах болно гэж үзжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромни Ираны цөмийн хөтөлбөрийн талаар “Обамагийн Засгийн газар Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоох тулд хангалттай зүйл хийгээгүй.” гэж шүүмжилсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж