
Яг одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар “Сонгуулийн тухай хууль”-ийн төслүүдийг хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд болсон УИХ-ын сонгуулиуд сонгуулийн хуулийг дахин өөрчлөх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзсэн тул УИХ тус хуулийг шинэчлэх ажилдаа орж байгаа нь энэ. Эрхэм гишүүд 2012 оны сонгуулийг пропорциональ тогтолцоогоор хийхээр тохирсон ч энэ хувилбарыг оновчтой гэж үзэхгүй байгаагаа зарим гишүүд илэрхийлж эхэллээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хуулийн төслийг санаачлагч Д.Лүндээжанцан даргад хандан “УИХ-ын сонгуулийг холимог биш пропорциональ тогтолцоогоор явуулсан тохиолдолд монголын улстөрийн халуун тогооны гадна байгаа, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, улс орны хөгжлийг тодорхойлолцох ирээдүйтэй залуучууддаа хэтэрхий хатуурхсан, өндөр босго тогтоосон хэрэг болно. Улс төрийг шинэ цусаар сэлбэх боломж хязгаарлагдмал хуулийн төслийг бид олон талаас нь харж батлах ёстой шүү” хэмээн хэлсэн юм.