Н.Энхбаярыг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Н.Энхбаярыг шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг шүүх хурал таван удаа хойшилсны эцэст өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд боллоо. Түүнийг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгаад байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сарын 24-нд шүүхийн тов анх удаа зарлагдсан ч Н.Энхбаярын эрүүл мэндийн байдал муу гэх шалтгаанаар хуралд хүрэлцэн ирээгүй. Харин дараа дараагийн  шүүх хурлууд Н.Энхбаярын өмгөөлөгч сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа, таалагдахаа больсон, өмгөөлөгч нь нэмэгдсэн, хасагдсан, өмгөөлөгчийн хүүхдийн бие өвдсөн зэрэг өмгөөлөгчтэй холбоотой шалтгаан, үндэслэлээр тухай бүртээ хойшилж байсан юм. Хамгийн сүүлд долдугаар сарын 18-нд болсон шүүх хурлын үеэр Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольсноор Гавьяат хуульч С.Нарангэрэл түүний хэрэгт өмгөөлөл үзүүлэх болсон билээ. Харин тэрбээр Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан хэд хэдэн томоохон албан тушаалтныг Н.Энхбаярын хэрэгт гэрчээр оролцуулахыг хүссэн. Тодруулбал, Ц.Мөнх-Оргил, Д.Сугар, М.Бадамжунай, Х.Наранхүү, Ш.Алимаа, Ш.Батбаяр, Г.Нинжин, Б.Баатар, Ц.Батбаяр, Н.Болормаа, Ш.Раднаасэд, Д.Чойжамц, Ц.Баатарсайхан, Биндэръяа, Б.Эрдэнэбилэг, Н.Баасанжав нарыг шүүх хуралд заавал оролцуулахыг шаардаж, албан бичиг хүргүүлсэн боловч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн юм. 

С.НАРАНГЭРЭЛ: Н.ЭНХБАЯР ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ

Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл: “Өмгөөлөгчийн зүгээс хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцаж дууссан. Хавтаст хэрэгт хавсаргасан хэдэн баримтыг шинжлэн судлах хэрэгтэй байна. Жишээлбэл, “Өргөө ” ХК-тай холбоотой асуудалд НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга н.Болормаа танаа гэсэн албан тоот, МИАТ компаний ерөнхий нягтлан бодогчийг хохирогчоор тогтоох тухай АТГ-ын тогтоол, шинжээчдийг дахин байцаасан тэмдэглэл, “Эрдэнэт” компаний захирал Х.Наранхүүгийн мэдүүлэг гэх мэт асуудлуудыг дахин нухацтай авч үзэхийг хүсч байна. Уг нь нэр бүхий хүмүүсийг энэхүү хуралд оролцуулсан бол мөн ч олон юмны зангилаа тайлагдах байлаа. Гэвч энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсангүй. Н.Энхбаяр эдгээр шалгаж байгаа хэрэгт холбоогүй учир баримт гээд байх зүйл их байхгүй” гэв. Шүүх хуралд Н.Энхбаяр өөрийг нь буруутгаад буй таван үндэслэл тус бүрийг тайлбарлан шүүх хуралд мэдүүлэг өгсөн юм. Тэрээр “Улсын яллагчийн уншсан тогтоолыг намайг цагаатгах тогтоол байна гэж ойлголоо. Надад тулгаад байгаа эдгээр хэрэгт ямар ч холбоогүй, буруугүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гэхдээ би өөгүй өндөг биш. Хүн алдаа дутагдал гаргаж болно. Гэвч эдгээр хэрэгт бол би буруугүй” хэмээн өөрийгөө өмөөрч байлаа.

Өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 10.30 цагийн орчимд эхэлсэн МАХН-ын
дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал
завсарлаж, өнөөдөр 09.30 цагт үргэлжлүүлэх шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн
гаргасан байгаа.

Таван өөр хэрэгт буруутгагдаад буй Н.Энхбаяр нарыг шүүх хурлын
үеэр өнөөдөр шүүгдэгчдээс мэдүүлэг авч дууссан байна. Одоо
өмгөөлөгчдийн зүгээс шинжээчдээс асууж тодруулах зүйл үлдсэн бөгөөд
хуулийн хүрээнд шүүх хурлыг 22.00 цаг хүртэл үргэлжлүүлэх ёстой байдаг,
тиймээс өнөөдөр хуулийн хугацаанд амжихгүй тул маргааш үргэлжлүүлэх
хүсэлтийг Н.Энхбаярын өмгөөлөгч, Гавьяат хуульч С.Нарангэрэл болон
шүүгдэгч До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын өмгөөлөгчид
шүүх бүрэлдэхүүнд гаргасан тул ийнхүү маргааш үргэлжлүүлэхээр болжээ. Шүүх
хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар,
С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, харин
өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан,
С.Нарангэрэл нар оролцлоо.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

Н.Энхбаярыг ямар хэрэгт буруутган шүүж байна вэ?

Түүнийг
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 50 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар
зүйлийн 263.2 дэх хэсэгт зааснаар буруутган, шүүж байна. Тодруулбал,
Эрүүгийн хуулийн 150.3-т “Бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэргийн
улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг
хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”
гэсэн бол 263.2-т Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан
тушаалын байдлаа урвуулах хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их
хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал
эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин
нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил
хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Түүнийг АТГ болон УМБГ-ын байцаагчид доорхи хэргүүдэд буруутган шалгаж, харьяалал тогтоолгосон байна. Үүнд:

  1. 2007 оны наймдугаар сард “Өргөө” зочид буудал нийслэлийн өмчит
    үйлдвэрийн газарт хөрөнгө оруулалт хийлгэж хамтарсан компани байгуулах
    асуудлыг НИТХ-аар хэлэлцсэн. Улмаар тухайн үеийн Засаг даргад хөрөнгө
    оруулах аж ахуйн нэгжүүдийг төсөл сонгон шалгаруулах журмаар “Өргөө”
    зочид буудал НӨҮГ-ыг хамтарсан үйлдвэр болгох чиглэл өгсөн байдаг. Гэтэл
    тухайн үеийн нийслэлийн Засаг дарга НИТХ-аас өгсөн чиглэлийг зөрчиж,
    нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй байгуулагдаад 10-хан
    хонож байсан “Хар дун” хэмээх компанид тухайн үеийн 605 сая төгрөгийн
    үнэлгээтэй байсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийджээ.
    Энэ шийдвэрийн улмаас тухайн объектийг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн
    асуудлыг шалгаж байна. “Хар дун” компанийн захирал нь Б.Хуяг гэгч.
    Тэрбээр Н.Энхбаярын шадар туслах  Б.Тулгын төрсөн ах нь юм. “Өргөө”
    зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараа 2007 оны аравдугаар сарын 5-нд ”
    Ремиф ” компанийн захирал Энхбаярын хүү Батшугар тушаал гаргаж ”
    Ремиф”-ийг охин компани болгох шийдвэр гаргаж захирлаар нь Б.Хуягийг
    томилжээ.
  2. “Улаанбаатар таймс” сонины хувьчлалтай холбоотой асуудал. Тус
    сониныг менежментийн хувьчлалаар хувьчилжээ. Хувьчилж авсан баг нь
    үүргээ гүйцэтгээгүй. Их хэмжээний өр төлбөртэй байхад Нийслэлийн өмч
    хувьчлах комиссын 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 75 тоот тогтоол
    гарч, “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг
    менежментийн багт дахин үнэлгээ хийхгүйгээр гэрээнд заасан 369.7 сая
    төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан аж. Уг объект тухайн үед 2.1 тэрбум
    төгрөгийн үнэтэй байж. Гэтэл дахин үнэлгээ хийлгэлгүй маш бага үнээр
    худалджээ. Мөн уг объект маш их өртэй байхад буюу менежментийн баг
    үүргээ гүйцэтгээгүй байхад нь бусдад худалдсан гэнэ. Д.Чулуунбаатар
    ахлагчтай баг “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг худалдаж
    авсан. Ингээд анхны үнэлсэн 369.7 сая төгрөг тухайн үеийн үнэлгээ 2.1
    тэрбум төгрөгийг харьцуулахад 1.7 тэрбум төгрөгөөр объектуудыг
    үнэгүйдүүлсэн байна. “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг
    хувьчлахдаа Н.Энхтуяа буюу Н.Энхбаярын төрсөн дүүгийн “NT” холдинг гэдэг
    компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49
    хувийг нь эзэмшихээр болсон байдаг. Энэ байдлаар нийслэлийн өмчийг
    завшсан аж. “NT” холдинг компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн
    байгуулсан “Сгор” компанид шилжжээ.
  3. Н.Энхбаяр УИХ дахь намын цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа
    2000 оны хоёрдугаар сард Япон улсын Киото хотод  төвтэй Буддын шашны
    байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон байна. Энэ үеэр
    Японы талаас Монгол Улсад бурхны шашныг сурталчлах зорилгоор 11 төрлийн
    43 ширхэг нийт 113 мянган ам.долларын үнэлгээтэй телевизийн тоног
    төхөөрөмж бэлэглэжээ. Тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр Гандантэгчинлэн
    хийдэд хүлээлгэж өгөлгүйгээр өөртөө завшиж, улмаар ТВ-9 телевизийг
    үүсгэн байгуулсан.
  4. “Хэнланд”, “Грийн глобал интернэшнл” гэдэг компаниуд БНХАУ-ын засаг
    захиргааны тусгай муж Хонконгод бүртгэлтэй. Эдгээр компанийн захирал нь
    Мягмаржаргал гэдэг хүн байдаг. Энэ хүн тодорхой ашиг сонирхлоор
    Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь тогтоогддог аж. Мягмаржаргал “Эрдэнэт”
    үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулсан боловч
    гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний үүргээ биелүүлээгүй байхад дахин
    ган бөмбөлөг болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан 
    хэмээн тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяраас  “Эрдэнэт” үйлдвэрийн
    удирдлагуудад өгсөн байдаг. Ийн гурван сая 356 мянга 369 ам.долларыг
    Мягмаржаргал завшжээ.
  5. Н.Энхбаяр Баянзүрх дүүргийн долдугаар хороо, Энхтайваны гудамжны 104
    тоотыг 630 мянган ам.доллараар худалдан авсан зэрэг нийт долоон тэрбум
    төгрөгийг хувьдаа завшсан хэргийг  Авлигатай тэмцэх газар болон УМБГ-ын
    мөрдөн байцаагч нар хамтран шалгах харьяалал тогтоосон ажээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж