Румынийн бүх нийтийн санал асуулга бүтэлгүйтэв

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Румынийн бүх нийтийн санал асуулга бүтэлгүйтэв

Ерөнхийлөгчийн импичментын асуудлыг шийдэх Румынийн бүх нийтийн санал асуулга талаар өнгөрлөө. Сонгогчдын оролцоо нь 50 хувь хүрээгүй учраас уг санал асуулгыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл гарсангүй. Одоо түр хугацаанд албан тушаалаасаа зайлуулагдаад байсан ерөнхийлөгч Бэсеску сонгогчдод нэг биш удаа хандан сонгуульд оролцохгүй байхыг уриалж байв.

Румынийн ерөнхийлөгчид итгэл үзүүлэхгүй байх асуудлаар ням гаригт явагдсан бүх нийтийн санал асуулгад сонгогчдын оролцоо 46 хувьтай байсан бөгөөд 18 сая сонгогчдын 50 хувь уг арга хэмжээнд оролцож байж асуудал нэг тийшээ шийдэгдэх ёстой байлаа.

Санал асуулга явуулсан өдрийн үдээс хойш сонгогчдын оролцоо дөнгөж 27 хувьтай байснаас энэ үйл ажиллагаа бүтэхгүй нь ойлгомжтой болсон юм.

Бэсеску бүх нийтийн санал асуулгад оролцохгүй байхыг уриалжээ
 
Албан тушаалаасаа түр хугацаанд зайлуулагдаад байсан Бэсеску санал өгөх өдөр иргэдэд хандан уг арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалсан байна. “Румынчууд Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэн энэ төрийн эргэлтэд оролцохгүй байх нь маш чухал” гэж тэр мэдэгдсэн юм.

Үүнтэй зэрэгцэн түүний хамтран зүтгэгч Хууль зүйн сайд асан Моника Маковей нар санал асуулгын явцад өргөн цар хүрээтэй зөрчил гарсныг хэлж байв. “Бид хальсанд бүгдийг буулгаж авсан. Хүмүүс саналын хайрцагт тавь тавиар нь саналын хуудас хийж байсан. Бүгд баталгаажсан байгаа” хэмээн Маковей мэдэгдсэн байлаа. Бүх нийтийн санал асуулгын дүнг тайлбарлан Бэсеску мэдэгдэхдээ тус орны хүн ам төрийн эргэлтийн оролдлогыг дэмжсэнгүй гэжээ.

Ерөнхийлөгч ба шинэ Засгийн газрын хоорондын зөрөлдөөн

 
Сануулахад, өнгөрсөн тавдугаар сард байгуулагдсан шинэ Засгийн газар ба ерөнхийлөгчийн хооронд хурцхан зөрөлдөөн гарсны улмаас улсын тэргүүнд итгэл үзүүлэх үйл ажиллагаа эхэлсэн юм. Докторын диссертаци бичихдээ бусдын материалаас хулгайлсан гэгдэх ерөнхий сайд Виктор Понта-г огцор гэж Бэсеску шаардсан байлаа. Засгийн газрын тэргүүн нь өөрийн ээлжид ерөнхийлөгчөө Үндсэн хууль зөрчсөн гээд түүнд итгэл үзүүлэх эсэх талын ажиллагааг парламентаар оруулан шийдүүлсэн байлаа.

Хариуд нь ерөнхийлөгч Траян Бэсеску Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан ч цэц парламентын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзсэн байна. Ерөнхий сайдын толгойлсон Засгийн газар бүх нийтийн санал асуулгад оролцооны хязгаар тогтоосныг солиулахаар бас гомдол гаргасан ч цэц түүнийг нь хүлээн авсангүй.

Траян Бэсеску 2004 оноос хойш Румыны ерөнхийлөгчийн тушаалд сууж байгаа бөгөөд түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь 2014 онд төгсөх юм.  Румыний хуулиар тэр гурав дахь удаагаа нэр дэвших эрхгүй болно.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж