Цөмийн технологи Монголд хэрэггүй гэж үү

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

Цөмийн технологи Монголд хэрэггүй гэж үү

Монголчууд их сонин сэтгэлгээтэй ард түмэн. Аливаа зүйлийг гэрэл гэгээтэй талаас нь харахаас илүү хараар будах дэндүү дуртай. Нэг гадаадын нөхөр хүрч ирээд л энэ чинь муу, тэр чинь буруу гэвэл түүний аманд хөнгөхөн “уначихна”. Тийм болохоор л гадныхан Монгол Улсыг үргэлжийн дорой буурайгаараа байгаасай гэж боддог бололтой юм.

Нэг хэсэг Монголд цөмийн хог шаарыг булшлах хэлэлцээр явагдсан тухай шуугиан дэгдсэн. Тэр нь нийгэмд цөмийн технологи шиг аюултай, осолтой эд алга гэсэн ойлголтыг төрүүлж, түүнээс хойш монголчууд атомын цахилгаан станцыг, цөмийн технологийг үзэн яддаг болчихсон.

Саяхан Цөмийн энергийн газар, “Мон-Аме” төрийн бус байгууллагаас сэтгүүлчдэд цөмийн технологийн ач холбогдол, үр нөлөө, хэрэглээний талаар сургалт зохион байгууллаа. Олон ч сэтгүүлч уг сургалтад оролцож, цөмийн технологи шиг хэрэггүй зүйл байдаггүй гэсэн гэнэн ойлголтоосоо салсан болов уу.

Цунамийн гамшигаас болж, Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станц сүйрсэн нь монголчуудад бүр ч илүү айдас төрүүлсэн. Тиймээс олон хүн Монголд цөмийн технологи хэрэггүй гэсэн байр суурийг баримталдаг. Тэгвэл бид чинь өдөр бүр, алхам тутамдаа цөмийн технологийн ид шидийг мэдэрч, хэрэглэдэг юм байна лээ, өөрсдөө л мэддэггүй болохоос. Эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, техник, технологи, үүрэн телефоны салбарт цөмийн технологийг ашигладгийг олон хүн мэдэхгүй байх л даа. Тухайлбал, бэлчээр, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд болон малын эм бэлдмэлийг гаргаж авах, аж үйлдвэрийн салбарт гэхэд л зам далангийн барилгын ажлын чанарыг шалгах, хөрсний чийг нягтшилыг тодорхойлоход цацрагт идэвхт изотопон үүсгүүр бүхий багаж төхөөрөмжийг ашиглаж байна.

Мэдээж, монголчууд рентгенд харуулахдаа цацрагт идэвхт бодисыг ашигладаг гэдгийг мэдэх байлгүй. Хавдар өвчний оношилгоо эмчилгээ хийхэд цацрагт идэвхт изотопон үүсгүүрийг хэрэглэдэг байна. За тэгээд холыг ойртуулж, хоёрыг учруулдаг гар утасанд хүртэл цөмийн технологийг ашигласан гээд бодохоор цөмийн технологиос татгалзах нь бидэнд ямархуу үр нөлөөг авчрах вэ гэдэг нь тодорхой.

Монгол Улс хөгжих ёстой юу?. Ёстой. Тэгвэл Монгол Улсыг хөгжихөд, гадаадын улс орнуудтай хөл нийлэн алхахад  цөмийн технологи зайлшгүй хэрэгтэй. Харин бусад орны туршлага дээр тулгуурлаж бид ямар технологийг хэрэглэх вэ гэдэг л чухал болохоос Монгол Улс алсдаа атомын цахилгаан станцгүйгээр хол явахгүй нь ойлгомжтой. Хамгийн гол нь хэзээ, хаана, хаанахын технологиор атомын цахилгаан станц барих вэ гэдэг л нэн түрүүнд тавигдах чухал асуулт юм.

Хятад, Орос, Япон, Америк, Герман, Франц гээд дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд яагаад атомын цахилгаан станцынхаа тоог нэмэгдүүлэхийн төлөө зүтгээд байна вэ. Айдас дагуулсан гэх  Фүкүшимагийн атомын цахилгаан станцын ослоос хойш атомын цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг зогсоогоод байсан Япон улс дахин тэднийгээ сэргээхээр шийдвэрлэсэн шалтгаан юу вэ. Тэд шинэ технологи ашиглаж, байгалийн гамшиг, осолд өртөхгүйгээр өнгөрч чадах тийм л шилдэг “бүтээл”-ийг бий болгохын төлөө, түүнийгээ улс орныхоо хөгжилд ашиглахын тулд л түр зуурхан үйл ажиллагааг зогсоосон юм байна лээ. Түүнээс бус атомын цахилгаан станцаас, цөмийн технологиос татгалзсандаа тэгсэн юм биш гэсэн.

Монгол цөмийн технологиос тат­гал­заж болно. Хэн ч биднийг хү­чилж, хэн ч биднээс шаардаагүй. Нүүр­сээ түлээд, үнс нурамтайгаа зуу­рал­даж, утаагаа бохирдуулаад уу­шигаа өвчлүүлээд явж болно. Гэхдээ бид хэдий болтол дэд бүтэцгүй, үйлд­вэрлэлгүй, ашигт малтмалаа түүхий­гээр нь экспортолж, хямдхан зарсан олзоо баярлан өвөртлөх юм бэ. Хэрвээ боловсруулсан бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарж баяжмаар байвал цөмийн технологийг хүссэнч эс хүссэн ашиг­лахаас өөр замгүй. Монгол Улсад хөг­жил хэрэгтэй биз дээ. Тэгвэл бас тэр хөгжлийг хөшүүрэгдэх цөмийн тех­нологи Монголд хэрэгтэй байж таараа.

Н.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж