“Хазгай гишгэсэн” Америкчуудын мөр

Хуучирсан мэдээ: 2012.08.01-нд нийтлэгдсэн

“Хазгай гишгэсэн” Америкчуудын мөр


Бүтэлгүй “тусламжийн” үнэмшмээргүй үнэ

Америкийн цэргийн хүчний явуулсан дайны үеэр нурж сүйдээд байгаа Афганистан оронд бүтээн байгуулалт өрнүүлэхээр олон сая ам.долларыг зарцуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй талаар АНУ-ын Конгрессэд шинжээч нар мэдээлэл хийх үедээ дурдсан байна. АНУ-ын татвар төлөгчдийн халааснаас гарсан олон зуун сая ам.долларыг Афганистаныг сэргээн босгох төлөвлөгөө гэх туйлын хариуцлагагүй, ямар ч үр дүнгүй үйл ажиллагаагаар халхавчлан  салхинд хийсгэсэн байна гэж дээрхи мэдээлэлд дурдсан байжээ.

Тодорхой хэлбэл, өнгө­рөгч 2011 онд л гэхэд Афганистаны дэд бүтцэд хөрөнгө оруулах нэрийдлээр АНУ-аас зарцуулсан 400 сая ам.долларын ихэнх хэсгийг ямар ч үр ашиггүйгээр үрэн таран хийжээ. Афганистаны сэргээн босголтын асуудлаар мөрд­лөг хийж байгаа шинжээч Жон Сопкогийн үзэж байгаагаар бол энэ ажил нь төлөвлөлт болон зохицуу­лалтын талаасаа маш хангалтгүй ажиллагаа болсон гэдгийг дурдаад амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй байсан гэжээ.

Тэр ч байтугай асар их хөрөнгө зарж хийсэн гэх цэрэг, цагдаагийн харуул хамгаалалтын барилга бай­гуу­ламжууд нь АНУ шиг цэрэг дай­ны асар их туршлагатай гүрний хувьд байж боломгүй муу төлөвлөлттэй байсан гэдгийг онцолсон байна. Тухайлбал Афганы цагдаагийн шал­ган өнгөрүүлэх цэгүүдийн барилга нь ашиглах аргагүй муу хийгдсэн байсан гэнэ. Тэдгээр барилга байгуу­ламжуудад байнгын усан хангамж хүргэх боломж байхгүй бөгөөд агааржуулах болон муу ус зайлуулах хоолойнуудыг  буруу байрлуулсан зэрэг наад захын мэдлэггүй хийгдсэн ажлууд их байжээ. Мөн үүний зэрэгцээ харуулын өндөрлөгүүдийг аюулд өртөхүйц байдлаар босгосон тул афганы цагдаагийнхан өн­дөр зардлаар боссон тэдгээр бай­гууламжуудыг ашиглаж чадахгүй байгаа гэнэ.
Үүний зэрэгцээ Афганистаны сэргээн босголтын зарим төлөвлөгөөнүүд тогтоосон хугацаандаа амжиж хийгдэхгүй бөгөөд америк цэргүүдийг Афганистанаас гарахаас өмнө ч амжихаасаа өнгөрсөн гэж шинжээч нар дүгнэсэн байна.

Мөн үүний зэрэгцээ Афганистанд ажиллаад ирсэн шинжээч нар Конгрессэд илтгэхдээ тус орны дотоод дахь аюулгүй байдлын асуудал маш эрсэдлтиэй болж ирснийг мөн онцлон дурдсан байжээ. Шинжээч Жон Сопкогийн илтгэлд дурдсанаар бол  Афгинстаны аюулгүй байдлыг хариуцах үүргийг тус орны дотоодын хүчинд өгч байгаа нь энэ асуудалд зарцуулах зардлыг улам л нэмэхэд хүргэхээс өөр үр дүн авчрахгүй гэж дүгнэж байгаа аж. Афганистанаас АНУ-ын цэргийн хүчийг 2014 онд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа тус орны дотоодын аюулгүй байдал одоо байгаагаасаа улам ч дордоно гэсэн хүлээлттэй байгаа юм. Харин америкийн цэргийн хүч байрлаж байгаа энэ цаг үед Афганистаны хурцадмал нөхцөл байдлыг намжаах боломж байгаа гэдгийг шинжээч нар Конгресст танилцуулсан илтгэлдээ дурдаад харин цаг хугацаа бага үлдсэн гэдгийг сануулахыг хүссэн байжээ.

Мөн илтгэлд дурдсанаар бол АНУ-ын ерөнхийлөгч Обамагийн засгийн газраас Афганистаны сэргээн босголтод зарцуулахаар хүсэж байгаа төсвийг Конгресс нэмж баталбал АНУ-аас тус улсад оруулж байгаа хөрөнгө оруулалтын хэмжээ 100 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа аж. Өмнөх хагас тэрбум орчим ам.долларын хөрөнгийг үр ашиггүй салхинд хийсгэж байгаа байдлаас дүгнэлт хийлгүйгээр дахин хөрөнгө оруулалт хийхээс бологоомжлохыг илтгэл тавьсан шинжээчид сануулж байгаа юм байна. Мөн ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл энэ нь АНУ-ын хувьд урьд өмнө нь ямар ч улс оронд үзүүлж байгаагүй сэргээн босголтын хамгийн том хөрөнгө оруулалт болж байна гэдгийг ч  анхааруулсан байна. Дэлхийн 2-р дайны дараа Герман улсын сэргээн босголтод өнөөгийн ханшаар нийтдээ ердөө л 35 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байсан гэдгийг ч Конгресст оруулсан тайланд дурдсан байгаа гэнэ. Мөн илтгэлийг тавьсан шинжээч нар цаашид энэ их хөрөнгө оруулалтын явцад нарийн нягт, уйгагүй хяналт мөрдлөгийг явуулсаар байх болно гэж мэдэгджээ. Ингэснээр татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зүйлд үнэмшмээргүй их хэмжээгээр хайр гамгүй үрж байгаа байдалд цэг тавихыг зорьж байгаа гэдгээ мэдэгдсэн байна.  

Иракийн хагас сая иргэн орон гэргүй…

Дэлхийн олон нийтэд хэдийнээ танил болсон Аль Жазира сувгийн сэтгүүлч Себастьян Уолкер саяхан Иракт очиж, олон жилийн цуст дайны дараа энэ орон ямар байдалтай болсныг нүдээр үзсэнээ нийтлүүлжээ. Есөн жилийн өмнө тэрээр Иракт ирж байсан бөгөөд харин АНУ-ын цэргүүдийг гарч явсны дараа энэ улс орныг ямар ирээдүй хүлээж байгааг мэдэхийн тулд тэрээр ийнхүү очсон байна. Америкчууд ч яахав гараад л явдаг юм байж, харин Иракийг ямар зам тосож байгаа бол гэсэн асуултад тэрээр аялалынхаа үеэр хариулт олохыг хичээсэн гэнэ. Түүний Иракт очсон даруйдаа мэдэрсэн зүйл бол эмгэнэл байсан аж. Себастьян Иракийн Басра хотоос нийслэл Багдад хүртэл аялах зуураа эмгэнэлд живсэн улс орныг олж харсан гэж бичиж байна. Найман жил үргэлжилсэн цуст дайны үеэр олон арван мянган ирак хүн амиа алдсан нь энэ орныг эмгэнэл гашуудалд живүүлсэн байна гэж тэр үзжээ. Мөн Иракийн нэг сая гурван зуун мянган хүн орон гэрээсээ хөөгдөн нүүсэн байгаа юм байна. Мөн 500 мянган иракчууд дүрвэгсдийн лагерьт одоо болтол амьдарсаар байгаа аж. Тэнд байгаа ирак гэр бүлийнхэн хооронд нимгэн цементэн хавтангаар тусгаарлах төдий давчуу орчинд амьдарсаар л байгаа гэнэ. Тэдний нэг болох дайны үеэр ахыгаа алдсан Али гэх нэгэн “бидний нулимс өдөр бүр л урссаар байх юм” гэж халагласан байна.

Аль Жазира сувгийн мэдээлж байгаагаар бол Иракийн арван эмэгтэй бүрийн нэг нь хэдийнээ бэлэвсэрч хань бүлээ алдсан байгаа гэнэ. Мөн л тэдгээр эмэгтэйчүүдийн нэгэн болох Ханна Наиф гэх эмэгтэй ярихдаа хоёр дахь хүүхдээ тээж байх үед нь түүний нөхрийг америк цэргүүд буудан алсан гэнэ. Хэдийгээр хүүхдүүд нь түүний амьд явах утга учир нь болж байгаа ч тэрээр нас барсан нөхрийнхөө тухай бодохгүй байж чадахгүй байгаа тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр нөхрийнхөө үхлийн хариу болгон өшөө авахыг хүсч байгаа гэж ярьжээ. Тэр хэлэхдээ, “Би өөртөө өшөө боломж олж авах юмсан гэж хүсэж байна. Би үхэх байсан ч хамаагүй, нөхрийг маань алсан тэдэнд хариугий нь өгөхийг л хүсэж байна” гэжээ. АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн захирамжийн дагуу америк цэргүүд 2011 оны сүүлээр Иракаас бүрмөсөн гарсан билээ.Зарим тоо баримтаар бол АНУ-ын зүгээс Иракт явуулсан дайны улмаас Америкийн 4500 цэрэг, армийн албан хаагч нар амь үрэгдсэн гэх тоо байдаг ажээ. Харин Иракийн энгийн иргэд болон зэвсэгт тэмцэгч нараас хэдэн хүн алагдсан тухай албан тоо одоо болтол гараагүй байгаа билээ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж