Олимпийн шинэхэн баатар С.Ням-Очирын аав, ээж хоёр Орбитын эцэст зусч байна. Тэд долоон жилийн өмнө бага хүү С.Ням-Очирыгоо оюутан болохтой зэрэгцэн Увсаас Улаанбаатарт суурьшжээ. Аав Р.Сайнжаргал гуай багш, ээж Г.Пагма нь эх барихын эмч мэргэжилтэй, насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан хүн юм. Энэ гэр бүл бөхийн том удамтай, их спортын олон алдартан нэг дээвэр дороос төрсөн онцгой тохиолын эзэд юм. С.Ням-Очирын ээжийн дүү нар самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран, ОУХМ Г.Баатарсүрэн, Г.Барсүрэн гээд сайхан нагацууд бий. Дамдинсүрэнгийн Нямхүү гэж жүдочийг Монголын ард түмэн мэднэ. Г.Дамдинсүрэн гуай бас С.Ням-Очирын ээжийн төрсөн дүү юм. Бээжингийн олимпийн наадамд хүрлийн төлөө барилдаад харамсалтайгаар тэмцээнийг дуусгаж байсан Д.Нямхүү үеэл дүү С.Ням-Очирыгоо ёстой л хөтөлж яваад өнөөдрийн хүрсэн энэ шатанд хүргэсэн гэхэд хилсдэхгүй.
Энэ удаа С.Ням-Очирын олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаан сонин түүх дагуулжээ. Учир гэвэл, 2010 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д тэрбээр сая хүрлийн төлөө хүч үзсэн Голландын Д.Элмонттой зооны аваргын төлөө барилдсан юм. Ялбал мөнгөн медаль дээр бууж, цаашаа аваргын төлөө барилдах боломжтой байсан ч барилдааны дундуур гараа хугалсан тул хүрлийн төлөө барилдаж чадалгүй тэр тэмцээнийг орхиж байсан юм. С.Ням-Очир дэлхийн аваргын даагаа олимпийн дэвжээнд ийнхүү нэхжээ. Түүнээс гадна, Голландын Элмонтын төрсөн ах нь Бээжингийн олимпийн дэвжээнд Д.Нямхүүг торгуулиар ялж байсан удаатай. Тиймээс С.Ням-Очир түүний дүүг нь ялж хүртсэн хүрэл медалиа “Ахынхаа, өөрийнхөө ч медалийг авлаа” хэмээн олимп сурвалжилж буй сэтгүүлчдэд ярьжээ. Тэр үнэн билээ.
Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер, “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт С.Ням-Очирын аав Р.Сайнжаргал “АЭ”-ийн зочноор уригдлаа.
-Хэдхэн цагийн өмнө таны бага хүү олимпийн медальтан боллоо. Таны хүүд, танай гэр бүлд чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
-Маш их баярлалаа. Хүүг маань дэмжиж, олимпийн медаль хүртээсэй гэж ерөөж, залбирч суусан Монголын ард түмэндээ баярлалаа. Дотроо бол би хүүгээ медаль авчих болов уу гэж найдаж, горьдож суулаа. Сүүлийн үед хэд хэдэн “Дэлхийн цом”-д сайн барилдсан, дэлхийн чансаанд ч дээгүүр /6-д/ эрэмбэлэгдсэн болохоор нь итгэж байсан.
-Хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Голландын бөх Элмонттой өмнө нь барилдаж байсныг нь сайн мэдэх хүний хувьд та дотроо ямар дүгнэлт хийж байв?
-Элмонтыг өмнө нь ялж ч байсан, ганц нэг удаа ялагдаж ч байсан юм. Нэг нэгнийхээ барилдааныг сайн мэдэх хоёр л доо. Сая бол барилдааны эхний хэсгийг хараад ер нь хүү маань ялчих юм байна гэсэн бодол төрж байлаа.
-С.Ням-Очир багаасаа барилддаг байсан уу?
-Ер нь багаасаа л бөх сонирхсон хүүхэд. Хүү маань яахав, баг, сумын наадамд түрүүлж байлаа. Дараа нь аймгийн аварга, улсын аварга болж, аавыгаа баярлуулж л байлаа. Хүмүүс намайг тэгдэг байсан юм. Хүүгийнхээ медалийг угаахгүй юм уу гэж. Би харин улсын аварга болохоор нь угаана аа л гэдэг байлаа /Инээв/. Тэгээд угаасан ч юм байхгүй л дээ. Гэтэл сумын аварга болж байсан хүү маань “Дэлхийн цом”-ын аварга болж, одоо бүр олимпийн медаль хүртчихсэн байгаад ах нь хэзээ ч баярлаж байгаагүйгээрээ их баярлаж, магнай тэнийж байна. Үнэхээр их баярлаж байна, хүүдээ. Монголын ард түмэн маань ямар сайхан юм. Медаль авснаас хойш хөгшин бид хоёр руу маш олон хүн утсаар ярьж, баяр хүргэлээ. Бүр зогсоо зайгүй ярилаа. Өөрийнх нь хүү медаль авсан юм шиг л хүн бүр баярлаж байгаад би ард түмнээрээ бүр ч их бахархаж байна.
-Лондон руу, хүүтэйгээ холбогдов уу?
-Сая ярилаа. “Аав аа, би чадсан шүү” гэдэг үгийг нь л их тод сонслоо. Би хүүхдүүддээ ямар ч үед даруу төлөв бай гэдгийг их захидаг хүн байгаа юм. Өөрөө ч тийм. “Чи сайн байна, сайн зүйл хийсэн байна” гэдгийг нь дотроо л бодохоос гадагшаа нэг их гаргадаггүй, нүүрэн дээр нь магтдаггүй. Сая ч гэсэн хүүтэйгээ их л даруу ярьчих шиг боллоо /инээв/.
-С.Ням-Очирыг бөхөөр хичээллэхэд хамгийн их нөлөөлсөн хүн нь та байж таарах байх. Та өөрөө барилддаг байсан уу. Харахад бол тэгж санагдлаа?
-Ах нь сүрхий барилдахгүй ээ. Залуудаа ганц нэг сумын наадамд л түрүүлж байсан. Харин хүүгээ бөхийн замд чиглүүлэхийн хувьд чиглүүлсэн юм. Түүнээс цааших нь бол багш нарынх нь, нагац ах нарынх нь тус дэм, бөхийн буян, өөрийнх нь хичээл зүтгэл байсан. С.Ням-Очир анх барилдаж эхэлсний тухайд бол бүр бага ангид байхдаа юм. Тэр үед Юнрэнгийн Баттогтох гэж мундаг залуу нутагтаа ажиллахаар ирлээ. Улсын аварга болчихсон, олон улсын мастер, жүдоч. Тэгэхэд би сургуулийнхаа захирлаар ажилладаг. Манай сумын дарга Чимэд гэж хүн байв. Чимэд гуай нэг өдөр надад хэлж байна аа. “Сумандаа нэг бөхийн клуб байгуулъя. Тэр Ю.Баттогтох гэж сайхан залуу ирсэн байна. Тэр хүнийг бөх сонирхчихоор хүүхдүүддээ багш болгоё. Чи тэр заал танхим, секцийн цагийг зохицуул. Би дэмжиж, туслая” гэж. Тэгээд тэр санаа маань ажил болж, “Улаан гуталт” гэж клубыг бид Увс аймгийн Тэс сумандаа байгуулж байсан юм. Манай сумын Улаан гуталт М.Цэрэндорж начинтай холбогдуулж “Улаан гуталт” гэж нэр өгье гэдгийг Ю.Баттогтох шийдэж, клубээ тэгж нэрлэсэн. Олон сайхан хүүхдүүд энэ клубээс бөхийн гараагаа эхэлсэн дээ. Тэр үед одоогийнх шиг ингэж хөдөөгийн хүүхдүүд хотод ирж барилдаж чаддаггүй байлаа. Гэлээ ч гэсэн бидний хэдэн эцэг, эхчүүд ярилцаж байгаад хүүхдүүдийнхээ зардлыг бэлдээд Улаанбаатар руу Улсын аваргад явуулдаг байсан. Анх ирж оролцсон тэмцээнээсээ С.Ням-Очир хүрэл медаль авч байсан. Одоо энэ жүдогийн шигшээгийн 81 кг-д барилддаг Г.Түвшинжаргал, С.Ням-Очир хоёр бүр цэцэрлэгээсээ найзалсан хоёр байгаа юм. Энэ хоёр хүүхэд байхдаа яг л зэрэг “Улаан гуталт” дэвжээнд анх хичээллэж байсан бол өнөөдөр хоёулаа үндэсний шигшээ багтаа барилдаж байна. Тэгээд бодохоор сайхан санагддаг. Спортод сонирхолтой хүүхдийг аль болох багаас нь л дэмжих хэрэгтэй. Хүн сургахад хүч, бололцоо, байр, савны аль нь ч багаддаггүй юм. Хүү маань түүнээс хойш улсын аварга боллоо, тивийн медалиуд авлаа. “Дэлхийн цом”-оос ч олон медальтай болжээ. Нас нь энэ жил 26 хүрч байгаа юм. Одоо ингээд бодож суухад С.Ням-Очир цөөнгүй жил их спортоор хичээллэжээ. Хичээсний үр дүн ирдэг л юм байна.
-Аав, ээжийн аль аль талаас нь бөхийн удамтай гэж сонссон?
-Миний удам дээхэн үед Ванчиг гэж нилээд сайн барилддаг хүн байсан гэнэ лээ. Түүнээс хойш гэвэл улсын начин Жавзанжамьяан гэж миний авга бий. Харин ээжийн тал нь бол илэрхий бөхийн удамтай улс байгаа юм. Миний хүү олон түмний бахархал болсон сайхан нагацуудтай. Самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга Г.Жамсран, Самбо бөхийн дэлхийн залуучуудын хошой аварга Г.Баатарсүрэн, ОУХМ Г.Барсүрэн, Г.Дамдинсүрэн, жүдо бөхийн ОУХМ Д.Нямхүү гээд ээжийнх нь дүү нарыг спортынхон сайн мэдэх байх. Миний хүүгийн нагац нар энэ саруул сайхан замыг нээж өгөөгүй бол өнөөдөр ингэж дэлхийн дэвжээнд хүч үзэж чадаа ч билүү. Хүний эх нь нагац, усны эх нь булаг гэдэг. Хүний дээд болсон, сайхан нагац нараа үргэлж хүндэлж яваарай гэж бид хүүхдүүддээ үргэлж захидаг юм.
-С.Ням-Очир айлын бага хүү юу?
-Бага нь. Манайх дөрвөн хүүхэдтэй. С.Ням-Очир дээрээ хоёр эгч, нэг ахтай. С.Ням-Очирын дээр нэг хүү гараад эндсэн юм. Тийм болохоор ч тэрүү бага хүүгээ бид эрхлүүлэх санаатай өсгөсөн байх. Гэхдээ ээждээ л жаахан эрхэлнэ үү гэхээс илүү дутуу, буруу зангүй. Багадаа айхтар дэггүйтээд байдаггүй, ер нь дөлгөөн талдаа хүүхэд байсан. С.Ням-Очир ээжтэйгээ их ойр. Гадагшаа, дотогшоо явахдаа байнга л ээжтэйгээ ярина. Надтай харин цөөхөн яриад, би ээжид нь заримдаа гомдол тавьж л байдаг юм /инээв/.
-Та хоёр Улаанбаатарын айл болоод удаж байна уу?
-Долоон жилийн өмнө хотод ирсэн. Бага хүүгээ дагаад хот руу ирсэн дээ. Хөгшин маань эх баригч эмч. Тэс суманд 30 гаруй жил ажиллахдаа 6000 гаруй хүүхэд эх барьж авсан гэдэг. Олон сайхан хүүхэд эх барьж, орчлонд төрүүлсний буян ирж л байгаа байх. Их л сайхан байна даа, өнөөдөр. Би ер нь ингэтлээ их баярлаж байснаа санахгүй байна.
-С.Ням-Очир Лондон явахын өмнө аав, ээж дээрээ ирсэн байх. Түрүүлэх бөхийн өнгө өөр байдаг гэж монголчууд ярьдаг. Танд ямар нэгэн совин төрсөн болов уу?
-Жүдогийнхон “Нүхт”-д бэлтгэлд гарч байгаад, тэндээсээ нэгдсэн журмаар явцгаасан. Хүү явахынхаа өмнө аавынхаа гэрээр ирж, бурхандаа мөргөсөн. Тэгэхэд ээж нь жижгэвтэр цөгцөнд /мөнгөн аяга/ сүү хийгээд барьтал “Ээж та яасан жижиг цөгцтэй сүү өгч байна аа. Олимпиос медаль аваад ирэхэд том цөгцтэй сүү барина биз дээ” гээд инээлдэж байлаа. Миний хүү ч хамаагүй ам гардаг хүн биш байгаа юм. Тэгж хэлэхэд нь “Хүү маань билэгтэй үг хэлээд гарлаа. Бурхан ивээг” л гэж бодож байлаа. Одоо хөгшин бид хоёр хүүгээ тосохдоо хэлснээр нь сайхан цөгцөнд сүүгээ дүүргээд тосно оо.
Энэ хүргээд бид С.Ням-Очирын ээж Г.Пагматай товч ярилцлаа. Тавын таван дүүгээ алдрын замаар алхуулж, их спортын тамирчин болгосон Г.Пагма гуай отгон хүүгээ олимпиос медаль авахад хамгийн том үүрэг хүлээсэн хүн. Хүүгийнхээ өрсөлдөгч, дэлхийн том бөхчүүдийн тухай, олимпийн дэвжээн дээр өрнөсөн С.Ням-Очирын “тулаан”-ыг ээж нь ийн дүгнэв.
-Эхлээд барилдсан Германы жүдочийг хүү маань ялна гэдэгт би итгэлтэй байсан. Өмнө нь Германы цомд ялж, түрүүлсэн юм чинь дахиад ялна гэж найдсан. Украйны бөхтэй хийсэн барилдаанд нь ч гэсэн санаа зовох нь бага байлаа. Харин тэр Оросын бөх Исаевтай хийсэн барилдааныг үзэж чадаагүй. Тэгсэн телевизээр цэвэр ялагдлаа гэж сонсоод, торгуулийн барилдаанаа ч мартаад, сэтгэл сонин болчихсон, нэг хэсэг. Ингээд торгууль руу орж барилдахад нь Америкийг тэртэй, тэргүй ялна гэж бодсон. Харин тэр Элмонт л эвгүй байх байхдаа гээд, хөгшнөөсөө асуусан чинь “Өмнө нь хоёр, гурав барилдчихсан юм чинь ялах байх аа” л гэж байна. Тэгээд сүүгээ өргөчихөөд барилдааныг нь харсан чинь хүү маань нээрээ л илүү байх шиг санагдсан. Залбираа л сууж байлаа, хоёулаа. Барилдааны цаг дуусав уу, үгүй юу хоёр нүдний нулимс юу юугүй л асгарчихсан. Хүүдээ баярлаад. Хэлдэг ч үг олдсонгүй. Монголын ард түмэн, нутгийн зон олон, жүдо бөхийн хамт олонд би чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийг хүсч байна.
Ийм л их хүч, ухаан дэвэрсэн, энгийн сайхан монгол айлаас дэлхийн шилдэг жүдоч, олимпийн медальтан төрлөө. Өөрийгөө дэлхийн дэвжээнд сойсон С.Ням-Очир маань маргааш өөр нэг хүнийг олимпод дэмжинэ. Түүний сүйт бүсгүй, жүдо бөхийн ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгдэд олон түмэн итгэлээ тээн, хүлээж байгаа билээ.