Цахим засаглалгүйгээр Улс ороны хөгжил түргэсэх нь битгий хэл улам л хоцорно. Гэтэл манайд энэхүү хөтөлбөрийг Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо, Технологийн Газар гэсэн сүржин нэртэй даржин байгууллага л ганцаараа хэрэгжүүлэхээр зүтгэж байдаг юм байна. Өөрийнх нь улс төрийн статус нь "Засгийн газрын тохируулагч агентлаг" байдаг тул үгэнд орох газар даан ч байдаггүй гэсэн зовлон тоочиж сууна. Ямар ч төрийн байгууллагад очсон манай яам тамгийн газар л мэднэ гэнэ, яаман дээр нь очоод цахим засаглал ярихад нь өөдөөс нь дэмийрээд бай, манай ажилд хошуу дүрэхээ боль гээд л гэдийчихнэ. Энэхүү гацаанаас түргэн гаргах улс төрийн бодлого үгүйлэгдэж байна. Энэ талаар төрийн түшээд юу бодож байна вэ? Энэхүү мэдээллийн технологийн асуудлыг хариуцсан дорвитойхон эрх мэдэлтэй газар (яам ч байдаг юмуу юу ч байдаг юм) байгуулаад энэ хөтөлбөрөө хүчтэйхэн шиг хэрэгжүүлэх боломж байдаггүй юм байхдаа? Уг нь хэрэгжүүлчихвэл төрийн ил тод байдал нэмэгдэж, хүнд суртал багасч иргэний нийгэм гээч нь бүрдэж эхлэх юм шиг. Түүнийгээ дагаад авилгал ч эрс багасана. Авлигыг авлигатай тэмцэх газар биш авлигаас сэргийлэх газар л бууруулах байх даа. Түүнийг цахим засаглалаар хэрэгжүүлж болох бус уу?
Цахим засаглал
Цахим засаглал хэмээн бид олон жил ярилаа. Өнөөдөр энэ талаар юу хийгдэж ямар үр дүн гарав? Иргэд өнөөдөр ямар үйлчилгээг цахимаар авч чадаж байна вэ? Ганц тодорхойлолт авах гэж хэдий хэр цаг алдаж, хичнээн өндөр хүнд суртлыг үзэж байгааг бид бүгд мэднэ. Аж ахуй нэгжүүдийг татварын тайлангаа цахим хэлбэрээр өгч болдог болгосон гэж баахан рекламдаж байгаа ч өнөөдөр цаасаар давхар өгөх гэж хэдэн өдөр урт дараалалд зогсож байна. Харин ч улам дарамт шахалт болж байна. Гэтэл германд иргэн болон байгууллага бүр жилийн орлогын тайлан, улирал, сарын татварын тайлангаа гаргаад elsteronline-р ямар ч асуудалгүй тушаачихаж байна. НӨТ-н тооцоогоо хийчихэж байна. Герман нь бүтцийн хувьд чанартай зохион байгуулалтад нэгэнт орсон тул одоогоор төрийн байгууллагуудын харилцан холбоо, үйл ажиллагааг автоматжуулаад явж байна. Иргэний цахим үйлчилгээний хувьд энэ талбарт хурдтай хөгжиж байгаа солонгос, недерланд, скандиновын ард яваа боловч утас, факс, цаасан шуудан хэлбэрээр бүх үйлчилгээгээ үзүүлчихэж байна. Иргэний үнэмлэхээ ганц шинэчлээд бүх үйлчилгээгээ онлайнаар авах боломжтой болгох арын ажлуудаа цахим засаглалын хөтөлбөрөөрөө амжуулсаар л сууна. Чимээгүй сууж буй мэт харагдаж байгаад нэг л өдөр хол алхчихна. Ер нь хөгжилтэй орнуудад төрийн байгууллага хэсээд урт дараалалд зогсоод байх шаардлага гардаг билүү?
Б.УУГАН