Барималч Ж.Цолмонхүү үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Барималч Ж.Цолмонхүү үзэсгэлэнгээ дэлгэнэ

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд маргааш 16.00 цагт  МУЭ-ийн нэрэмжит шагналт уран барималч, керамикч Жанлавын Цолмонхүү уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна.  

Тэрбээр Дүрслэх  урлагийн  дунд, дээд  сургуулийг чимэглэх зураач, барималч мэргэжлээр төгссөн ба 1979 оноос уран бүтээлийн гараагаа эхлүүлж, Монголоос гадна Орос, Болгар, Хятад, Унгар, Герман, Япон зэрэг улсад болсон үзэсгэлэнгүүд, олон улсын хэмжээний уран сайхны керамикийн фестиваль, триенналь, симпозиумд  амжилттай оролцож байжээ. Түүний уран бүтээлийн намтараас дурдвал, 1991 онд  МУЭ-ийн Хорооны нэрэмжит шагналт уран бүтээлч, 2003 онд Улаанбаатар хотод бие даасан үзэсгэлэнгээ дэлгэн олон улсын хамтарсан үзэсгэлэнд “Морьтон”, ”Сав”, ”Ногоон чоно” бүтээлүүдээр оролцож байсан. Мөн ондоо оны шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнд “Эх хатан”, “Домог” бүтээлүүд нь шалгарч байв. 2004 онд Хүрээ дөрвөн уулын оргилд эзэн савдгуудыг боржин чулуугаар 90×100см хэмжээтэй хийж залсан. Намар үзэсгэлэнд “Үлэг эх” баримал нь тавигдсан. 2005 онд Япон улсад зохиогдсон уран сайхны керамикийн фестивальд амжилттай оролцсон. 2006 онд “ЮНЕСКО” –гийн Азийн гар урлалын чанарын батламжит бүтээлийн шагналыг хүртсэн. 2008 бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж, 2008 онд “Хөх тал” бүтээлээрээ шилдэг бүтээлийн шагнал хүртэж байсан гээд олон амжилтуудыг нь тоочиж болно.

Ж.Цолмонхүү нь дүрслэх урлагийн нэгэн томоохон төрөл болох керамикийн урлагийг хөгжүүлэхэд өв уламжлалаасаа байнга суралцан ямагт шинийг санаачилж, Монгол ардын гар урлалыг орчин үед дэвшүүлэн хөгжүүлэх талаар дорвитой бүтээл хийхийг эрмэлздэг ажээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж