Сэтгүүлчид цөмийн технологийн сургалтад хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид цөмийн технологийн сургалтад хамрагдлаа

Монгол улсад цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тэмдэглэлт ойн арга хэмжээний хүрээнд Цөмийн энергийн газар, Монгол-Америкийн шинжлэх ухааны судалгааны “Мон-Аме” төв хамтран “Цөмийн технологийн хэрэглээ өнөө ба ирээдүй” сэдэвт сургалтыг сэтгүүлчдэд зориулан энэ сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалтын зорилго нь хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд цөмийн технологийн тухай зөв мэдээллийг олгоход чиглэжээ. Манай улс хуучнаар ЗХУ-ын Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд гишүүнээр элсч, 1965 онд Цөмийн шинжилгээний лаборатори байгуулсан түүхтэй.

Сургалтыг нээн “Мон-Аме” төвийн захирал Б.Баттогтох олон улсын цөмийн энергийн салбарын өнөөгийн хөгжил, чиг хандлага болоод хүн төрөлхтөн цөмийн энергийн технологийг энхийн зорилгоор хэрхэн ашиглаж байгаа талаар илтгэл тавив. Одоогоор дэлхийн 31 оронд 441 цөмийн эрчим хүчний реактор ажилладаг бөгөөд ирээдүйд энэ тоо хоёр дахин өснө хэмээн олон улсын эрдэмтэд үзэж байгааг илтгэлдээ дурьдсан юм.

Өнөөдөр Монгол улсад цөмийн эрчим хүчний технологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, геологи хайгуул, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарт ашиглаж байна. Сургалтын хүрээнд цөмийн энергийн технологийг эдгээр салбарт хэрхэн ашиглаж байгааг газар дээр нь танилцах боломжийг олгосон юм. Сэтгүүлчид Хавдар судлалын үндэсний төв, Геологийн төв лаборатори болон Дархан-Уул аймагт байрлах Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаа, төслийн үр дүнтэй танилцав. Хавдар судлалын үндэсний төвд ашиглагдаж буй багаж хэрэгслийн заримийг 1995, 1997 онд оруулж ирсэн бөгөөд ирэх жилээс тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа аж. Олон улсад тоног төхөөрөмжийг 10-аас дээшгүй жил ашиглах стандарт мөрдөгддөг байна.

Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа манай улс энэ салбартаа цөмийн энергийн өндөр технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг ашигладаг болжээ. Монгол орны ихэнх ашигт малтмалын түүхий эдийг цогцоор нь судалдаг ганц байгууллага бол Геологийн төв лаборатори юм. Тус лаборатори нь үйл ажиллагаандаа олон улсын 34 стандартыг хэрэгжүүлээд байгаа  бөгөөд шинжилгээний үр дүн нь дэлхийн 34 оронд хүлээн зөвшөөрөгддөг байна. Геологийн төв лаборатори нь цацраг идэвхт элемент, нүүрс болон газрын ховор элементийн судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжөө шинэчлээд байгаа аж. Жишээ нь индукцийн холбоост плазмын масс спектрометр /ISP-MS/ төхөөрөмж гэхэд үелэх системийн литийгээс уран хүртэлх бүх л элемент, түүнчлэн газрын ховор элементийг өндөр нарийвчлалтайгаар тогтоох юм. Ингэснээр манай улсад төдийгүй дэлхийд эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй газрын ховор элементийг нэг бүрчлэн тодорхойлсноор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө, цаг хугацааг хэмнэхээс гадна Монгол улсын уул уурхайн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулна хэмээн Геологийн төв лабораторийн захирал Б.Батжаргал онцоллоо.

Одоогоос дөрвөн жилийн өмнө Дархан-Уул аймгийн Хонгор суманд цианит, мөнгөн устай холбоотой шуугиан дэгдэх үед нарийн шинжилж судлах тоног төхөөрөмж байгаагүй тухай лабораторийн мэргэжилтнүүд ярьсан юм. Мөн энэ үеэр сэтгүүлчид гэр хорооллын зарим худгийн уснаас ураны тунадас илэрсэн мэдээлэл үнэн эсэх болоод ундны усыг хэрхэн шинжлүүлэх талаар сонирхов. Ямар ч  иргэн лабораториор шинжилгээ хийлгэж болох ба гагцхүү дээжийн стандартын бус савлагаа, тээвэрлэлтээс хамаарч шинжилгээний хариу буруу гардаг болохыг мэргэжилтнүүд тайлбарласан юм.

Сэтгүүлчид хамгаалалтын хувцас өмсч цацраг идэвхит түүхий эдийг судлах лабораторид орж танилцсан нь сургалтын сонирхолтой хэсгийн нэг байлаа. Үүний дараа Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  үйл ажиллагаатай танилцав. Тус хүрээлэнд цөмийн энергийн технологийг ашиглан, ургамлын бактерийг устгахаас гадна жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногоо болоод үр тарианы шинэ сортыг гарган авч байна. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү сургалтын төгсгөлд Цөмийн энергийн газрын түр орлогч дарга Г.Манлайжав Монгол улс цөмийн энергийн салбартаа баримтлах бодлого, технологийн хөгжил, боловсон хүчин, цөмийн хог хаягдалтай холбоотой дуулиан зэрэг олон асуудлаар сэтгүүлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Э.Од    

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж