Ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна

Монгол банк валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар болон пүрэв гаригт зохион байгуулдаг хуваарийн дагуу өнөөдөр валютын дуудлага худалдаа явууллаа. Дуудлага худалдаанд арилжааны банкууд ам.доллар худалдан авах санал ирүүлсэн байна. Монгол банкны зүгээс валютын дотоод зах зээл дэх ам.долларын эрэлт, нийлүүлэлт тэнцвэртэй байна гэж үзээд, энэ удаагийн ам.долларын худалдаанд оролцоогүй ажээ. Харин юанийн дуудлага худалдаагаар арилжааны банкуудаас худалдан авах санал ирүүлсэн бөгөөд 211.50 төгрөгийн хаалтын ханшаар саналыг 100 хувь биелүүлсэн байна. 

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын зах зээлийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилготойгоор Монгол банкнаас авч буй нэгэн арга хэмжээ ажээ. Үүнд зөвхөн Монгол Улсад банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй арилжааны банкууд оролцдог юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж