Олимп, дэлхийн рекорд эвдэгч

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Олимп, дэлхийн рекорд эвдэгч

Лондонгийн олимпийн хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн тэмцээн өчигдөр болж, БНАСАУ-ын тамирчин Ким Ун Гук олимп, дэлхийн рекордыг эвдэн түрүүлжээ. Тэмцээний өмнө Ким болон Хятадын тамирчин Жан Зье нарын хооронд гол өрсөлдөөн өрнөнө хэмээж байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхийн аваргын тавцанд ширүүн өрсөлдөгчид байсан тэдний тэмцэл харин олимпийн талбарт эрт өндөрлөв. Хятадын хүндийг өргөгч Жан дөрөвдүгээр байрт шалгарснаар тэмцээнийг дуусгасан бол Колумбын тамирчин Албейро Фигуэроа Москуера мөнгө, Индонезийн Ираван Эко Юүли хүрэл медаль хүртжээ. Мөнгө, хүрэл медалийн эзэн болсон дээрх хоёр тамирчны тухайд финалд хоёул адил 317 кг-ыг өргөсөн ч Колумбын тамирчны биеийн жин өрсөлдөгчөөсөө бага байсан тул мөнгөн медальд хүрсэн байна.

Кимийн тухайд огцом өргөлтөөр 153 кг-ын өргөсөн нь олимпийн рекордыг шинэчилсэн төдийгүй дэлхийн дээд амжилтыг давтсан үзүүлэлт аж. Харин түлхэлттэй өргөлтөөр 174 кг, улмаар нийт 327 кг-ыг өргөснөөр олимп болоод дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ.

Түүнээс гадна 62 кг-ын тэмцээний үеэр түлхэлттэй өргөлтөд олимпийн рекордыг эвдсэн нь Колумбын тамирчин Фигуэроа Москуера байлаа. Тэрбээр 177 кг-ыг түлхэлттэй өргөлтөөр өргөжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж