Түүнийг бусдын нэр ашиглан ХААН банкнаас 30 сая төгрөг зээлсэн, “Эрдэнэ суварга” компанийг үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарыг залилан мэхэлж, 15 сая төгрөгийн үнэтэй машиныг нь зарсан гэх хэрэгт буруутгаж байсан ч өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ хэрэг нь баримтаар нотлогдоогүй юм. Тодруулбал, уг хэргийг хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг гэм буруугүй хэмээн үзэж хэргийг цагаатгасан юм. Үүний дараа Д.Бат-Эрдэнийн дүү давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч шүүх Д.Энхмандахыг буруугүй гэж үзлээ. Харин улсын яллагч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцлээ буцаан татсан байна.
Өнгөрсөн оны есдүгээр сард уг хэргийг анхан шатны шүүх хурлаар хэлэлцээд “Эрдэнэ суварга” компанийн захирал Б.Сувдаа болон тус компанийн ажилтан байсан, яллагдагч Д.Энхмандах нарт мөнгө олгосон ХААН банкны теллер Б.Туулаас дахин мэдүүлэг авах, зээл авсан гэх гарын үсгийг хэн зурсан болохыг тогтоох, шинжээч гарын үсгийн хэвийг шинжлэхдээ хууль ёсны дагуу ажилласан эсэхийг нэмж шалгах шаардлагатай хэмээн үзэж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.
Харин тэрбээр өөрийгөө гэм буруугүй, гэр бүлийн маргаанаас болж залилангийн хэрэгт гүтгүүлсэн хэмээн удаа дараа мэдүүлж байсныг ийнхүү шүүх эцэслэн шийдвэрлэлээ.