Кино театрын алуурчинд цаазын ял төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Кино театрын алуурчинд цаазын ял төлөвлөжээ

Колорадогийн кино театрын аллагад сэжиглэгдэж буй Жеймс Холмсыг яллагчид 142 төрлийн хэрэгт буруутгаж байгаа гэнэ. 12 хүнийг хөнөөж, 58 хүнийг гэмтээж, шархдуулсан түүнд хүний амь насыг санаатай хохироосон, алан хядлага үйлдсэн, олон хүний амь насанд заналхийлсэн зэрэг ял төлөвлөж байгаа гэнэ. Хэрэв Колорадо мужийн шүүх Жеймс Холмсын буруутайг тогтоовол түүнд цаазаар авах ял оноох юм. Өчигдрийн шүүх хурлын танхимд хэвлэлийнхэнийг зураг авахыг хориглосон тул сэжигтний шүүх хурлын эхний өдөр авсан зургаас өөр зураг байхгүй байна. Шүүх хурлын эхний өдрөөс хойш Жеймс Холмс хурц авир гаргаагүй, ер бусын чимээгүй байгаа бөгөөд зөвхөн гайхсан, хагас дутуу ухаантай мэт нүдээ эргэлдүүлж байсан гэнэ. Сэжигтэн хэдийгээр шүүх хурлын үед ганц ч үг дуугараагүй боловч шүүгчийн ярихыг бүгдийг сонсч байжээ. Шүүх хуралд мөн Колорадогийн кино театрын аллагын хохирогчдын ар гэрийнхэнд байлцсан байна. Хайртай хүмүүс, найз нөхөд, гэр бүлийнхнээ алдсан тэдгээр хохирогчид гэмт этгээдэд цаазаар авах ял оноохыг хүлээж байгаа аж. Өнгөрсөн баасан гаригт болсон шүүх хурлаар өмгөөлөгч сэжигтнийг Денверийн их сургуулийн философийн ангид суралцаж байхдаа сэтгэлзүйч эмчийн хяналтанд байсныг мэдэгдсэн байна. Энэ сарын 20-нд Аврора хотын Сентури 16 кино театрт болсон аллагын дараа сэжигтний суралцаж байсан сургуулийн хаягаар хэрхэн үйлдэх тухай болон хүмүүсийг буудаж буйг төсөөлөн зурсан илгээмж очсон юм. Хэвлэлүүд илгээмжийг Жеймс Холмс явуулсан гэж бичиж байгаа аж. Гэвч сэжигтний өмгөөлөгч илгээмжийг явуулсан этгээдийг тогтоохоос нааш хэвлэлээр ингэж бичих нь шүүх хурлыг улам ээдрээтэй болгож байна гэж үзсэн байна.

Сентури 16 кино театрт гарсан халдлагын үеэр шархадсан хүмүүсийн 10 нь эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд бие нь муу байгаа юм байна. Сэжигтний шүүх хурал хэдэн долоо хоногоор ч сунжирч магадгүй гэж яллагчид ярьсан байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж