Угандад “эбола” гэх халдварт өвчин дэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Угандад “эбола” гэх халдварт өвчин дэгдэв

Угандагийн баруун хэсгийн нутаг Кибаалед “Эбола” гэх вирусээр үүсгэгддэг халдварт өвчин гарч, түүнээс хойш нийт 14 хүн нас баржээ. Кибаале нь нийслэл Кампалагаас ойролцоогоор 200 километрын зайтай, Конго улсын хилээс 50 километрийн зайтай оршдог юм байна. Харин  Угандагийн нийслэл Кампалад “Эбола” халдварт өвчний улмаас нэг хүн нас баржээ. Үүний  дараа Ерөнхийлөгч Йовери Мусевени ард түмэндээ хандан энэ өвчнөөс сэргийлэхийн тулд бусадтай гар барихгүй байхыг анхааруулсан байна. Тус улсын эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр  өвчинг  туссан хүмүүс нь бүгд хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой байсан гэнэ. Энэ өвчин  Угандагийн баруун хэсгийн нутагт гурван долоо хоногийн өмнө гарснаас хойш нийт 14 хүн нас бараад байна. Нийслэл Кампалад нас барсан нэг хүн нь өвчний голомт бүхий баруун хэсгийн нутгаас халдвар авч, нийслэлд ирээд Мулаго эмнэлэгт нас барсан. Өвчнийг тархаахгүйн тулд “Эбола” өвчнөөр нас барсан байж болзошгүй хүн байвал өөрсдөө оршуулах гэлгүй шууд эмч дуудахыг анхааруулж байгаа гэнэ. Кампала хотын Мугало эмнэлэгт уг өвчнөөр хүн нас барснаас хойш долоон эмч, эмнэлэгийн 13 ажилтанг тусгаарлаад байгаа аж. 

Мөн Кигади эмнэлэгт долоон хүнийг өвчинг туссан байж болзошгүй гэж сэжиглэн тусгаарлаад байгаа юм байна. Энэхүү “Эбола” өвчин нь дөрөв, таван вирусээр үүсгэгддэг бөгөөд маш хурдан үхэлд хүргэдэг аюултай өвчин гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж