Хэдэн сарын өмнөөс Монголын анхны загварын суваг “Fashion Channel” нээгдэх гэж байгаа тухай мэдээллүүд гарах болсон ч энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байсан юм. Ингээд та бүхэнд “Fashion Channel” суваг телевизийн Ерөнхий захирал Э.Одбаяр болон удирдлагын багтай нь хийсэн ярилцлагыг хүргэж байна.
– Таньд өдрийн мэнд хүргье, “Fashion Channel” хэзээ хаана нээлтээ хийх вэ?
– Таньд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргье. Бид энэ долоо хоногт хийх хэвлэлийн бага хурлын үеэрээ нээлтээ хийх хугацаа, хөтөлбөрийн талаар тодорхой мэдээлэл өгнө. Ер нь бол 8-р сарын дундуур нээнэ гэсэн төлөвлөгөө байгаа.
– Дэлхийд алдартай Fashion Тv Монголд гарч байхад Монголчууд загварын сувгаар юу хийх юм бэ гэсэн яриа гарч байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
– Дэлхийн тухай ярих гэж байгаа бол энэ дэлхий дээр ганцхан наад суваг чинь байдаг юм биш. World Fashion, Fashion One гэх мэт олон нэр хүндтэй сувгууд байна. Хүний юм бол хүний л юм. Монголчууд өөрсдийн гэсэн загварын сувагтай байж болно биз дээ. Хэдий болтол гадны юм царайчилж суухав.
– Монголын загварын салбарынхан олон улсад танигдах хэмжээнд хүрсэн гэж үзэж байна уу?
– Хангалттай, тэсрэлт хийх суурь нь бэлэн байгаа. Мэдээж суралцах, солилцох юмнууд байдаг л байх. Хамгийн гол нь загварын салбарынхан өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө өдийг хүрсэн. Бид үүнийг олон түмэнд сурталчилан харуулна.Монголын загварын салбар хүчтэй!
– Тэгвэл загвар өмсөгч, моделиуд хөрөнгө чинээ ихтэй улсуудтай нэр холбогддог асуудлыг юу гэж үзэж байна? Хангалттай “сурталчилгаа” мэдээлэл гардаг шүү дээ?
– Бидний сэдэв хазайгаад байна шүү. Загварын салбар гэж ярьсан болохоос загвар өмсөгчийн тухай огт ярьсангүй. Монголд загварын салбар гэхээр хэдэн хэл ам таталсан моделиудаар төлөөлж, төсөөлж хардаг байдлаа болих хэрэгтэй. Чадалтай загвар өмсөгчид байгаа шүү дээ. Модель бол загварын салбарын нэг хэсэг нь. Цаана нь хичнээн их мэргэжилтэн, хүн хүч ажиллаж байдаг вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Дизайнер, эсгүүрчид, үсчин, нүүр будагч, гар урлал, дархан, арьс шир, үслэг, давуу эдлэл, үйлдвэрүүд, судлаач гээд мөд тоочоод барахгүй олон хүмүүс энэ салбарыг үүрч явдаг. Манай сувгаар хаанахын ямар ондойсон хүүхэн, архи гарахыг биш хаанахын ямар “загвар” гарахыг л хар.
– “Мэргэжлийн загварын салбар чиглэлээр бүрэн төрөлжсөн Монголын анхны ОУ-ын менежмент агентлаг” гэж танилцуулга дээр бичсэн байна, бусад агентлагуудаас юугаараа онцлог вэ?
– Бид зөвхөн загварын салбартай холбоотой бүх менежмэнтийн асуудлыг хариуцна. Монголын бусад загварын агентлагуудын үйл ажиллагаатай давхцаагүй, тэдний тогтвортой үйл ажиллагааны идэвхижүүлэлтэнд дэмжиж оролцох, мэдээллээр хангах л үүрэгтэй. Олон улсын загварын тайлан үзүүлбэр, шоу, тэмцээн үйл ажиллагаануудад тогтмол оролцох нөхцөлийг хангах зорилготой, мөн энэ төрлийн үйл ажиллагааг Монголд өндөр түвшинд зохион байгуулна.
– Та энэ чиглэлээр мэргэшиж, ажиллаж байсан уу? Яагаад загварын суваг байгуулах болсон бэ?
– Энэ чиглэлээр мэргэшиж, ажиллаж байгаагүй. Яагаад байгуулсан тухайд Монголд загварын салбарт загварын сувгаас бусад нь байна, загварын салбараа дагнан сурталчилах, идэвхижүүлэх, менежмент хийх ажил хийгдэхгүй байгаа учраас ойлголт муу байна. Өнөөдөр манайд телевиз суваг утгаа алдсан. Манай суваг бол төрөлжсөн чиглэлээрээ 100% дагнасан анхны суваг, Монголын анхны загварын суваг.
– Fashion Tvтанай өрсөлдөгч мөн үү?
Өрсөлдөхөд шалтгаан хэрэгтэй, манай “Fashion Channel” дэлхийн загварын жишиг, мэдээ мэдээллийг Монголд нийлүүлж, Монголын загварын салбарыг олон улсад сурталчилна. Энэ ажлыг хэрвээ хийж байсан бол өрсөлдөгчид тооцож болох юм. Миний мэдэх зүйл гэвэл Монголд архи зарж баар нээж байгаа л гэж дуулсан. Манайх архины лангуу биш. Тиймээс манай өрсөлдөгч байж таарахгүй.
– Азийн зарим том хотуудад цацалтаа хийнэ гэж байсан?
– Тийм, бид Монголын “Fashion channel”-ийг азийн хэд хэдэн улсад гаргахаар ажиллаж байна. Одоо холбогдох байгууллага, соёлын газруудад нь өргөдөл бичиг баримтаа өгчихсөн ажил амжилттай урагшилж байна. Монголын загварын салбар олон улсад хүрнэ, энэ бол зөвхөн загварын салбараар тогтохгүй Монголчуудын бахархал байх болно.
– Загварынхнаас ямар хүмүүс танай бүрэлдэхүүнд байна вэ? Хамтарч ажиллах саналууд ирж байна уу?
– “Fashion channel” бол нийт загварын салбарынханд зориулагдсан. Тийм учраас бид загварын салбарынхантай нэг баг, нэг бүрэлдэхүүн гэж ойлгож байгаа. Хол ойр, таньдаг таньдаггүй нь хамаа байхгүй. Албан ёсны нээлтээс өмнө цуврал уулзалтууд зохион байгуулагдаж цаашдын уран бүтээлийнхээ талаар санал, туршлага солилцоно. Бид хамтдаа байж амжилтанд хүрнэ.
– Багагүй хүч хөрөнгөөр босгож байгаа биз дээ? Гадаадын хөрөнгө оруулалттай гэсэн сураг дуулдсан.
– Маш их хөрөнгө биш хүч хөдөлмөр орж байна, зарцуулаад байх тийм их хөрөнгө нь ч алга, хүний нөөц, боловсон хүчиндээ бүх анхаарлаа хандуулж байна. Юм болгон гадаадын хөрөнгөөр босдог ч гэж юу байхав, бид энэ төслийг том байшин, машин бий болгоход чиглүүлээгүй, чадварлаг хүнийнөөц, чанартай уран бүтээл хийхэд л чиглүүлсэн. Гол нь уран бүтээлч хамт олон бүрдүүлж чадсан. Би гадаадаас гуйлга гуйх дээрээ тулаагүй байгаа.
– Үзэгчиддээ хандаж юу хэлэх үү?
– Монголын загварын салбарынхан өнөөдрийг хүртэл олон улсад нэртэй нүүртэй байж чадсан. Үүнийг бид тодотгон харуулах болно. Үзэгчиддээ хандаж уриалхад Монголын загварын салбарынхны үйл ажиллагааг дэмжиж, тэдний уран бүтээлийг үнэлж, гадаад гэсэн болгонлуу бүү хошуураасай, үндэстний уран бүтээл, үйлдвэрлэлээ дэмжээрэй. Барууны болон бусад загварын бүх л чиглэл урсгалаар хийж бүтээж чадаж байгааг нь үнэлээсэй гэж хүсмээр байна.
– Уран бүтээлчид болон уран бүтээлийнхээ талаар товч танилцуулаач.
– Манайд чадварлаг залуу уран бүтээлчид байгаа. Хувцас загварын ертөнцийг олон өнцгөөс нь, уран бүтээлчээр харуулахыг бид зорьж ажиллана. Олон улсын загварын талаар шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэдэг мэдээллийн эх сурвалж байх болно. Чадварлаг удирдлага, менежментийн баг, найруулга, продюссэр, мэдлэг мэдээлэлтэй редакторууд, шинийг эрэлхийлсэн зураглаач, video editor, графикчид гээд мэргэжлийн студийн хүний нөөцийн мотор ажиллагаанд ороод эхэлчихсэн байна. Монголд телевизийн шинэ стандарт, зохион байгуулалтыг бий болгосон.
– Хэзээнээс эфирээ цацаж эхлэх вэ?
– Туршилтын эфир цацагдаад эхэлчихсэн байгаа. Албан ёсны нээлтээс эхлэн хөтөлбөрийн дагуу контентоо хүргэнэ.
– Монголоос гадна гадны загварын талаар ямар нэвтрүүлэг хүргэх вэ?
Цаашид хуваарийн дагуу ази, европын улс орнуудаар загварын зураг авалтууд хийгдээд явна. Менежмэнт агентлагийн үйл ажиллагааны хүрээнд Монголын загварын салбарынхныг мөн сонгон оролцуулах төлөвлөгөөтэй. Мэргэжлийн видеог загварын салбартай хэрхэн уялдуулахыг манай сувгаас үзээрэй.
– Танай телевизболон XAC MEDIA entertainment соёл урлагийн салбарт хэр байр суурь эзлэх бол?
– Бидэнд төлөвлөсөн хангалттай их ажил бий. XAC MEDIA entertainment бол мэргэжлийн видео студи, бид соёл урлагийн салбарт чанартай, шинэ шийдэл бүхий уран бүтээл дээр уран бүтээлчидтэй хамтарсаар ирсэн, цаашид ч бэлэн. Соёл урлагийн салбарт өөрсдийн үүргээ гүйцэтгэнэ.
– “Fashion Channel” гадаад харилцаа хэр түвшинд байна?
– Монголын загварын салбарыг олон улсад сурталчилахыг гол зорилгоо болгож байна. Азийн зарим улс оронд эфирээ цацахаар ажиллаж байгаа маань энэ зорилтын илрэл юм. Олон улсын модель менежмэнт болон бусад загварын салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Монголын загвар олон улсад идэвхижнэ.
– Нээлтийн үйл ажиллагаа ямар байдлаар зохион байгуулагдах вэ?
– Нээлтийн үйл ажиллагаа 3 үе шаттай зохион байгуулагдана. Эхнийх нь загварын үзүүлбэр байна. Үүнд Монголын томоохон брэндүүд болон дизайнеруудын бүтээгдэхүүн, мөн гаднаас урилгаар хүрэлцэн ирэх уран бүтээлчдийн бүтээгдэхүүн байх болов уу. Хүндэтгэлийн хүлээн авалт, нээлтийн party зэргээр үргэлжилнэ.
– Нээлтэнд зөвхөн загварын салбарынхан оролцох уу? Хичнээн хүн оролцох вэ? Оролцох хүмүүс тодорсон уу?
-Монголын анхны загварын суваг нээгдэж байгаа гэдэг утгаараа салбар салбарын төлөөллүүдээс оролцоно. 1000 орчим хүн нээлтийн үйл ажиллагаанд оролцоно. Урилга тараалт эхэлсэн. Цуврал уулзалтууд зохион байгуулагдаж байгаа, энэ уулзалтаар телевизийн талаар дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг өгч байна. Та бүхэн www.facebook.com/fashiontv.mn хаягаар санал хүсэлтээ үлдээх боломжтой.