Өчигдөр Өмнөд Суданы хилийн ойролцоох Цэнхэр Нил мужийг агаараас бөмбөгджээ. Бөмбөгдөлтийн үеэр гурван энгийн иргэн амь үрэгдэж, 21 хүн гэмтэж шархадсан байна. Энэхүү хэрэг нь хоёр Суданыг маргаантай асуудлаа шийдвэрлэхэд НҮБ-аас тогтоосон хугацаа болохоос дөрөв хоногийн өмнө болжээ. Өнгөрсөн баасан болон бямба гаригт агаараас цохилт хийсний улмаас Өмнөд Суданы Ора-Балилад гурван хүн нас барж, 11 хүн гэмтэж бэртсэн бол Магафт дөрвөн хүн гэмтэж бэртсэн байна. Энэхүү агаарын цохилтын улмаас Вадака Неллейд мөн зургаан хүн шархтаж, нэлээд хэдэн тооны бод мал үхжээ. НҮБ-ын долоо хоног тутмын хүмүүнлэгийн мэдээллээр энэ сарын 22-нд мөн Цэнхэр Нилд агаараас бөмбөгдөлт хийсэн тухай гарсан байна. Өмнөд Суданы Цэнхэр Нил болон Кордофан мужид өнгөрсөн жилийн зургадугаар сард эхэлсэн Засгийн газрын цэргүүд болон босогчдын хоорондох мөргөлдөөнөөс хойш эдгээр мужид нөхцөл байдал хүндэрсээр байгаа аж. Үүнээс болж энэ хоёр мужийн 200 мянга гаруй хүн дүрвээд байгаа юм. Суданаас салан тусгаарлах үндэсний цөөнхийн босогчид 22 жилийн турш салан тусгаарлахаар тэмцсэн бөгөөд 2005 онд энхийн хэлэлцээр хийснээр энэхүү дайн дуусчээ. Харин Өмнөд Судан өнгөрсөн жилийн зургадугаар сард тусгаар тогтнолоо зарласан билээ.
Өмнөд Суданыг агаараас бөмбөгдөв
Б.АНХТУЯА