Швейцарийн олимпийн хөлбөмбөгийн шигшээ багийн хамгаалагч Мишель Морганелла Твиттерээр Солонгосчуудыг арьс өнгөөр доромжилсон утгатай зүйл бичсэнээс болж тэмцээнээс хасагджээ. Мишель Морганелла өнгөрсөн ням гаригт Швейцарийн шигшээ баг БНСУ-ын хөлбөмбөгийн багийн эсрэг тоглосон тоглолтод хожигдсон уурандаа Твиттерт Солонгосчуудыг доромжилсон коммент бичсэн байжээ. Мишель Морганелла дараа нь комментыг Твиттерээс устгаж, уучлал гуйсан ч Швейцарийн олимпийн шигшээ багийн ахлагч Жиан Жилли түүнийг Швейцарийн шигшээ багийн нэр хүндийг унагасан гэж тэмцээнээс хассан байна. Италийн Палермо клубт тоглодог 23 настай Мишель Морганелла тэмцээнд ялагдсанаасаа болж, том алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, Солонгосын ард түмэн, БНСУ-ын шигшээ баг болон өөрийн орны шигшээ багийнхнаас уучлал гуйсан байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, рацист хэл үгнээсээ болж олимпийн наадмаас хасагдаж буй хоёр дахь тохиолдол нь энэ аж. Лондон 2012 олимпийн наадам эхлэхийн өмнө Грекийн тамирчин мөн Африкийн цагаач иргэдийг доромжилсон зүйл Твиттерт бичсэнээсээ болж, тэмцээн эхлэхээс өмнө нутаг буцсан билээ.
Бас нэг рацистыг олимпиос хасав
Н.ЭНХ