15 настай залуу тамирчин Рута Мейлутит олимпийн усанд замд хурдалж, Литва улсын түүхэнд олимпийн усанд сэлэлтийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд өрсөлдсөн тэрбээр шигшээ уралдаанд АНУ-ын Ребекка Сониг ялж, аваргын тавцанд гарчээ. Уралдааны эхнээс л тэргүүлж эхэлсэн тэрбээр АНУ-ын тамирчнаас 0,08 секундээр урьтаж барианд орсон байна. Харин Японы тамирчин Сатоми Сүзүки хүрэл медаль хүртсэн бол Бээжингийн олимпийн аварга, Австралийн тамирчин Лейзел Жоунс тавдугаар байрт шалгарчээ. Уралдааны дараа Рута Мейлутит “Үнэхээр итгэж ч чадахгүй байна. Миний хувьд маш том амжилт” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Урьдчилсан гараанд Европын дээд амжилтыг шинэчилсэн тэрбээр хувийн амжилтаа мөн 2 секундээр ахиулжээ. Улмаар хагас шигшээ уралдаанд хамгийн хурдан нь байж, дэлхийн аварга, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, АНУ-ын Сониг ардаа орхиж чадсан байна. Харин шигшээ уралдаанд Мейлутит 1:05.47 цагийн амжилт үзүүлж, олимпийн аваргаар тодорчээ. Мейлутитийн аваргын алтан медаль Лондонгийн олимпиос авсан Литвийн багийн анхны медаль байлаа.
Гурван жилийн өмнө аавынхаа хамт Британид шилжиж ирсэн Мейлутит Английн дасгалжуулагч Жон Руддын удирдлага дор олимпийн бэлтгэлээ базаажээ. Мейлутит цаашид олимпийн амжилтаа ахиулж, медалийн тоогоо нэмэх боломжтой. Учир нь тэр эмэгтэйчүүдийн 50 метр ба 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөх юм.