Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Олимпийн медальтныг төрүүлж өсгөсөн аав, ээж хоёрыг та харж байна. Дэлхийн олон тэмцээнд хүүгээ үдэж мордуулж, баяр, гунигтай олон мөчийн ард гарсан тэд олимпийн наадмын медалийг хэн хүнээс илүү хүлээж байлаа.

“Германыг ялна гэдэгт нь илгэлтэй байсан. Харин тэр Оросын Исаевтай барилдахад нь айж байлаа. Америкийг бол ялчихаар байсан” гэж ярих, монгол гэртээ дэлхийн бөхийг шинжиж суугаа Монгол ээжийн сэтгэл ямар хайрламаар санагдав аа.

Олимпийн шинэхэн баатар С.Ням-Очирын  аав, ээж энэ зун Орбитын эцэст зусч байна. Тэд долоон жилийн өмнө бага хүү С.Ням-Очирыгоо оюутан болохтой зэрэгцэн Увсаас Улаанбаатарт суурьшжээ. Сайнжаргал гуай багш, ээж Г.Пагма нь эх барихын эмч мэргэжилтэй, насаараа эрүүл мэндийн байгууллагад ажилласан хүн юм. Энэ гэр бүл бөхийн том удамтай, их спортын олон алдартан нэг дээвэр дороос төрсөн онцгой тохиолын эзэд юм. С.Ням-Очирын ээжийн дүү нар самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Жамсран, ОУХМ Г.Баатарсүрэн, Г.Барсүрэн гээд сайхан нагацууд бий.


С.Ням-Очирын нагац ах Г.Дамдинсүрэн.


С.Ням-Очирын нагац ах, Гавьяат тамирчин Г.Жамсран.
 


С.Ням-Очирын нагац ах, жүдо бөхийн ОУХМ Д.Нямхүү.


Дамдинсүрэнгийн Нямхүү гэж жүдочийг Монголын ард түмэн мэднэ.
Г.Дамдинсүрэн гуай бас С.Ням-Очирын ээжийн төрсөн дүү юм. Бээжингийн
олимпийн наадамд хүрлийн төлөө барилдаад харамсалтайгаар тэмцээнийг
дуусгаж байсан Д.Нямхүү дүү С.Ням-Очирыгоо ёстой л хөтөлж яваад өнөөдрийн
хүрсэн энэ шатанд хүргэсэн гэхэд хилсдэхгүй.


С.Ням-Очирын багын найз, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Түвшинжаргал.


С.Ням-Очирын багын найзууд аав, ээжид нь баяр хүргэхээр ирсэн байлаа.


С.Ням-Очирын эгч. 


Ийм л их хүч, ухаан дэвэрсэн, энгийн сайхан монгол айлаас дэлхийн шилдэг жүдоч, олимпийн медальтан төрлөө. Өчигдөр өөрийгөө дэлхийн дэвжээнд сойсон С.Ням-Очир маань хоёр хоногийн дараа өөр нэг хүнийг олимпод дэмжинэ. Түүний сүйт бүсгүй, жүдо бөхийн ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгдэд олон түмэн итгэлээ тээн, хүлээж байгаа билээ. 

Б.БАЯСАХ

Гэрэл зургийг О.МӨНХНАСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж