Хятадууд цалингаа нэмсээр л

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Хятадууд цалингаа нэмсээр л

Хятадад цалин хөлс 2013 он гэхэд 2011 оны төвшнөөс хоёр дахин, 2017 он гэхэд гурав дахин нэмэгдэнэ. Энэ нь дотоодын эрэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн удаашралыг сааруулах ажээ. Гэхдээ үүнтэй зэрэгцээд Хятад улс дэлхийн зах зээл дэх хямд ажлын хүчин гэгдэх үндсэн өрсөлдөөний давуу талаа алдаж магадгүй. БНХАУ-д хотын хүмүүсийн сарын цалингийн хэмжээ 2012 оны эхний хагас жилд 13,3 хувиар өссөн бол  хөдөөгийн улиралын ажилд ирдэг ажилчдын хувьд 14,9 хувиар нэмэгдлээ гэж Хятадын Үндэсний статистикийн товчоо мэдээлэв. Ингэхдээ хотын хүмүүсийн гэр бүлийн дундаж орлого 13 679 юань болсон нь хойд хөршийн 70 мянган рубль буюу 2144 ам.доллартай тэнцэж буй ба хөдөөгийн гэр бүлийн дундаж орлого нь 4303 юань эсвэл 22 мянган рубль ($675), улирлын ажил эрхлэгчдийн гэр бүлийнх  нь 2200 юань буюу 11 230 рубль ($345) болж байна.

Цалингийн өсөлтийн ийм хурдыг хадгалсан тохиолдолд 2013 онд хувийн хэвшлийн салбарын цалин хөлс нь өнгөрсөн оныхоос хоёр дахин нэмэгдэнэ. 2017 он гэхэд тэр нь гурав дахин нэмэгдэх юм байна. Энэ жилдээ Хятадын цалин хөлс Мексикийн дундаж цалингаас давна гэж Boston Consulting Group үзэж байна хэмээн  хэвлэлд өгүүлжээ.

Зөвхөн энэ гэхэд БНХАУ-ын хөдөлмөрийн зах зээлийн өргөн цар хүрээтэй өөрчлөлтийн нэг гэрч болж байна. Ажлын хүчний эрэл ба саналын харьцаа өөрчлөгдөж байна. Хятадыг Үндэсний статистикийн товчооны төлөөлөгч Шэн Лайюнь мэдээлснээр зөвхөн эхний хагас жилд Хятадад зургаан сая ажлын байр бий болгожээ. Өсөлтийн талаар зарим компанийн мэдээнүүд ч гэрчилж байна. Apple-д iPad үйлдвэрлэдэг Hon Hai Precision Industry комапани 82 мянган ажлын шинэ байр бий болгосон ба түүний үйлдвэрүүдэд цалин дундаж нь энэ жилийн хоёрдугаар сарын байдлаар 10 хувиар нэмэгдэн 2200 юань (11 230 рубль, $345) болсон байна. Хятадад KFC ба Pizza Hut ресторануудыг төлөөлдөг Yum компани мэдээлснээр оны эхний улиралд тэдний ажилчдын цалин 17 хувиар өссөн ба компани энэ жилд 40 хүнийг шинээр авахаар төлөвлөөд байгаа ажээ. “Нэмэлт ажилчдыг зүгээр л авдаг байсан цаг өнгөрлөө” хэмээн Бээжин дэх Pacific Resources International компанийн тэргүүн Дуайт Нордстром ярьж байна.

Хятадын Хөдөлмөрийн яамнаас 91 хотод хийсэн судалгаагаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нь саналаас давсан ба ажилгүйдэл буурч байна. 2012 оны нэгдүгээр улиралд Хятадын ажилгүйдэл 4,1 хувь байв. Харьцуулахад Америкийн ажилгүйдэл зургадугаар сарын мэдээний дагуу 8,2 хувьтай, тавдугаар сарын мэдээгээр евро бүсэд 11,1 хувьтай, Орост 5,4 хувьтай байна.

Эдгээр өөрчлөлт нь Хятадын хүн ам зүйн “нэг гэр бүл-нэг хүүхэд” гэсэн бодлогоос үүдэлтэй. Наяад оноос эхэлсэн энэ бодлогын үр дүнгээр Хятадын ажиллах хүчний оргил үе өнгөрөөд буурч байна. Жишээлбэл, 2005 онд 15-19 насны хүмүүсийн тоо 120,7 сая байснаа 2010 гэхэд 105,3 сая болон буужээ. Тэдний тоо 2015 он гэхэд 94,9 сая болсон байна. 

Хямралтай үеэр ч бид “цалин буулаа гэсэн эсэргүүцлийг харахгүй байна хэмээн China Labour Bulletin (Хятадын хөдөлмөрийн  бюллетень) сэтгүүлийн редактор Женифер Ченг хэлсэн байна.

Нөгөө талаасаа цалингийн өсөлт нь дотоодын эрэлтийг өдөөн түүний хамт үйлдвэрлэл болон үйлчилгээний зах зээлд ашигтайгаар нөлөөлөн эдийн засагт тус болж байна. Тийм ч учраас Хятадын эрх баригчид дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт саарч буйд нь өөдрөгөөр хандаж байна. Эдийн засгийн өсөлт нь зургаан сар хүртэл хугацаанд саарч хоёрдугаар улиралд 7,6 хувийг харуулжээ.

Гэхдээ цалингийн өсөлт нь  Хятадын өрсөлдөөний гол зэвсгийн нэг хямд ажлын хүчнийг алга болгон экспортод нь сөрөгөөр нөлөөлнө. Хятадын цалин хөлсний өсөлтөөс өндөр чанарын бараа үйлдвэрлэдэг АНУ ба Европ л хамгийн их хожил авах юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж