Нийтийн спортод хүч өгье

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Нийтийн спортод хүч өгье

Олимп энэ өдрүүдийн гол сэдэв хэвээр байх нь гарцаагүй. Олимпод оролцож буй тамирчдаас ийнхүү амжилт хүсэн хүлээж байгаа нь жүдо, бокс, буудлага зэрэг спортоор дэлхийд үзэх хэмжээнд хүрснийг илтгэж буй. Энэ бол сайн хэрэг. Гэвч чамлахаар зүйл эндээс харагдаж байна. Монголчуудын амжилттай оролцож буй эдгээр спортын төрлүүдийн онцлог нь ганц зүйл дээр нэгдэж байна. Тэр нь хувийн тоглолт. Өөрөөр хэлбэл, ямар ч багийн, хамт олны тоглолт үгүй, зөвхөн хувь хүний өөрийнх нь чадвар, зүтгэлээс шалтгаалах спортоос л Монголчууд амжилт хүсэж байна.

Монголчуудын баяр наадмын төрлүүд мөн л хувийн тоглолттой. Бөх, хурдан морь, сур, шагайн харваанд хэн нэгэн хүн л ялдаг болохоос хэсэг, хамт олон ялдаггүй. Өнөөдөр Лондонгийн олимпод тамирчдаа илгээсэн төрөлд багийн гэж хэлэх спорт байхгүй нь. Хөл бөмбөг, сагсан бөмбөг гээд багаар өрсөлддөг төрөлд яагаад одоог хүртэл дэлхийн тавцанд амжилт гаргахгүй байна вэ. Хариулт нь монголчууд багаар тоглож чаддаггүйд биш, багийн спортыг хүч гарган дэмждэггүйд л учир байна.

Дэмжлэг өгнө гэдэг зөвхөн хэдэн баг тамирчдад мөнгө өгөөд бай гэсэн үг биш. Ядаж л ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээд сургалтын хөтөлбөрт нь анхаарахаас эхлэхийг хэлж буй юм. Хөл бөмбөг тоглох, сагсан бөмбөг тоглодог цөөн хүрээлэлтэй хэд нь л мөнгөө төлөн байж долоо хоногтоо ганц хоёр удаа л тоглосон болж байна. Багийн спортод амжилт гаргах боломжтой хэчнээн залуус анзаарагдалгүйгээр амжилт гаргах насаа өнгөрөөв. Хэрэв энэ бүхнийг нь нээж, багаар ажиллуулах бүтэц бий болгоно гэдэг ч мөн дэмжлэг шүү дээ. Ийн багийн буюу нийтийн спортыг онцлон дэмжихийн ач холбогдол нь нийтэд тустайд байгаа хэрэг. Сурагч бүрт боксоор хичээллэх боломж байхгүй ч хөл бөмбөгийн багт орж тоглох боломж бий. Оюутан бүхэн жүдогоор барилдах боломжгүй ч волейбол тоглох боломжтой. Энэ мэтчилэнгээр нийтийн спорт нь эргээд нийтийн биеийн тамирт тустай. 

Өнөөдөр нийтийн гэх спорт хөгжөөгүйн үр дүн, нотолгоо болж хот 60:60:60 гэх биеийн харьцаатай залуус, 60:90:60 гэх харьцаатай идэр насныхантай болчихож. Ингэж нийтийн спорт, нийтийн эрүүл мэндийн асуудал үндсэндээ уналтын байдалд, энэ талаарх бодлогоор нь өвдсөний дараах зардалд илүү мөнгө зараад, урьдчилан сэргийлэх талдаа үнэхээр мөнгө, хөрөнгө гаргахгүй болжээ. Урьдчилан сэргийлэх гол үндэс нь нийтийн эрүүл мэнд, нийтийн спорт гэдгийг ойшоолгүй даанч удсаны гор нь  иргэдийн дунд хөдөлгөөний дутагдал, таргалалт, чихрийн шижин гэх үгс дасал болж илрэв.

“Монголын тамирчин алтан медаль авлаа” гэх мэдээнд хөөрч баярлаж байсан шиг “Монголын баг алтан медаль авлаа” гэх мэдээ хэзээ дуулдах бол. Ямартаа ч энэ мэдээг эрт сонсохын тулд хийх зүйл бий. Тэр нь нийтийн спортод нийтийг “уруу татах”.

Б.МАНД


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж