Ц.Мөнхзаяа өнөөдөр олимпийн татамид зодоглоно

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхзаяа өнөөдөр олимпийн татамид зодоглоно

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмын дөрөв дэх өдөр Монголын таван тамирчин олимпийн талбарт хурд, хүч, цэц сорино.

Зуны XXX олимпийн  наадамд эх орноо төлөөлж буй Монголын тамирчдаас өнөөдөр тав нь олимпийн талбарт өрсөлдөх гэж байна. Тодруулбал, байт харвааны төрөлд Ж.Гантөгс, Б.Урантунгалаг нар, боксын төрөлд У.Мөнх-Эрдэнэ, жүдо бөхийн төрөлд Ц.Мөнхзаяа мөн усанд сэлэлтийн төрөлд А.Тамир нар өнөөдөр Монголын тамирчдыг буухиалан олимпийн талбарт хүч сорих гэж байна.

Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд урьдчилсан харваанд 19 дүгээрт бичигдсэн ОУХМ Ж.Гантөгс өнөөдөр эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Рахул Банержеетай өрсөлдөнө. Хоёр тамирчны тэмцээн Монголын цагаар 22.00 цагт эхлэх юм. Хэрэв Энэтхэгийн тамирчныг ялбал залгуулаад 1/16 шигшээд Бразилийн Даниэл Резенде Хавьер, Польшийн Рафал Добровольский нарын ялсантай өрсөлдөх хуваарьтай байна.

Мөн өнөөдөр байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Б.Урантунгалаг цэц сорино. Урьдчилсан харваанд 18 дугаарт эрэмбэлэгдсэн тэрбээр эхний тойрогт Английн Алисон Уилльямсонтой 17.57 цагт халз өрсөлдөх юм. Талбайн эзэн орны тамирчныг ялбал залгуулаад 18.23 цагт АНУ болон Энэтхэгийн тамирчдын ялсантай нь 1/16 шигшээд өрсөлдөх ажээ.

Ширэн бээлийтнүүдийн буухиаг үргэлжлүүлж, Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 64 кг-ын жинд эхний тулаанаа хийнэ. Сугалаа ёсоор эхний тойрогт Чехийн Зданек Хладектай таарсан тэрбээр Монголын цагаар үүрээр 05.15 цагт тоглох юм.

Мөн өнөөдөр жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 81 кг ба эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. Энэ өдөр Монголын жүдочдоос ОУХМ Ц.Мөнхзаяа эмэгтэйчүүдийн 63 кг-д зодоглоно. Тэрбээр эхний тойрогт Палау улсын тамирчин Женнифер Энсонтой барилдахаар сугалаа таарсан бөгөөд ялбал Финляндын Йоханна Илинентэй хүч үзэх юм. Түүний жинд 24 жүдоч зодоглоно. Хэсгийн барилдаан Монголын цагаар 16.30 цагт эхлэх юм.

FINA буюу Олон улсын усанд сэлэлтийн холбооноос Монгол Улсад олгосон эрхийн дагуу Лондонгийн олимпийн усан замд хурдлах боломжтой болсон А.Тамир өнөөдөр 17.00 цагт эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хурд сорих ажээ.

Монголын тамирчдадаа амжилт хүсье.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж