Овоолсон шороо буруудсан шаазгай

Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Овоолсон шороо буруудсан шаазгай

Монгол улсын эдийн засагт уул уурхайн салбарын эзлэх хэмжээ өсч ДНБ-ий 30 хувь, экспортын 85 хувьд хүрсэн нь уул уурхайн салбар цаашид манай орны хөгжилд голлох байр суурь эзэлнэ гэдгийг харуулж байна. Өнөөдрийн байдлаар л гэхэд манай улсын нутаг дэвсгэрийн 24.5 хувьд ашиглалтын 1096, хайгуулын 3659 тусгай зөвшөөрөл байгаа аж.

АРХАНГАЙ. Голын дагуу нийт 10 гаруй км газар үргэлжилсэн гурван сумын нутгийг дамнасан ураны хайгуулын ажлыг Нуклер энержи Монголиа компани хийж байна. Голынхоо эргээс дөнгөж 5-10 хан км-ын зайтай өрөмдлөг хийж байгаа нь голын ус хөрсөнд цацраг идэвхит бодисын нөлөөлөл илэрч болох эрсдэлтэй байна. Өндөр улаан, Жаргалант, Тариат сумын иргэдийн үс халцрах, хүүхдүүдийнх нь гэдэс өвдөж хордлого өгөх, малын төл урт хэлтэй, үс нь халцарсан байдалтай төрж байгаа гээд ямар нэг хордлогын шинж тэмдэг илэрсээр байна.

БАЯН-ӨЛГИЙ.
УИХ-ын даргыг аймагт нь очих үед нэг асуудалд анхаарал хандуулахыг хүссэн нь Хөшөөтийн уурхай байлаа. Нутгийн иргэд байгаль орчин, хүн, малд үзүүлэх хор нөлөөг багасгах арга хэмжээ авахыг хүсч байв.

БАЯНХОНГОР.
Аймгийн Жаргалант сумын нутагт "Жиэвд Юуголд" компани ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулахаар болоод байгаа. Тус компаний үйл ажиллагаа явуулах газар нь Жаргалант сумын нутаг дахь Мандалын голын адаг болон Байдрагийн голын эрэг орчмыг сүйддэх, улмаар Бөөн цагаан нуур ширгэх аюул тарьж байгаа юм. Тиймээс нутгийн иргэд нэгдэн тус компанийг уурхай байрлуулахаар зэхэж ажилчдаа байрлуулсан газраа чөлөөлөхийг шаардаж, хөдөлгөөн өрнүүлээд байна.

БУЛГАН. Бүрэгхангай сумын зааг нутагт үйл ажиллагаа явуулдаг "Монполимет" ХХК-ийн алтны уурхай руу нинжа нар халдсан хэрэг энэ сарын 12-нд гарчээ. Өнгөрсөн намраас хойш үйл ажиллагаа нь зогсоод байгаа уурхай руу баг өмссөн залуус гэнэт дайран орж хамгаалагч, дотоодын цэргийн харуулуудын хоолойд хутга тулган сүрдүүлж, хагас боловсруулсан алттай шорооноос хоёр шуудайг дээрэмдсэн байна.

ГОВЬ-АЛТАЙ.
Аргаль, янгир, ирвэс, шилүүсээр дүүрэн Алтайн уулс уул уурхайн компаниудын хөлд нэрвэгдэн, ухсан нүх, овоолсон шороогоор дүүрчээ.  Арай ч дээ гэж уулга алдах ч багадмаар. Таян нуурын төмрийн хүдрийг “Алтайн Хүдэр” компанитай холбоотой хэрэг зарга одоо ч үргэлжилсээр.

ГОВЬСҮМБЭР. Жоншны ордуудад лиценз эзэмшдэг компаниуд нөхөн сэргээлт огт хийдэггүй талаар гомдол үргэлжилсээр. Ухсан нүхэнд хүн, мал осолдсон тухай хэрэг ч хаагдаагүй л байна. ДАРХАН-УУЛ. Хоёр жилийн өмнө Хонгор суманд цианит натри алдагдаж сумын төвийн хүн, мал амьтан хордсон тухай бишгүй яригдсан. Энэ хугацаанд тус сумын 52 хүн нас барж, 60 гаруй жирэмсэн эмэгтэй үр зулбаж, гаж төрөлттэй хүүхэд цөөнгүй мэндэлсэн гэх яриа одоо хэр нь гарсаар.

ДОРНОГОВЬ. Аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрийн 93 хувь, Даланжаргалан сумын нийт нутгийн 80 гаруй хувь нь лиценз эзэмшигчдийн мэдэлд оржээ. Малчид өөр тийшээ нүүх үү, эсвэл сумаа нүүлгэх үү гэдэгт тулаад байна.

ДОРНОД
Аймгийн Матад сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 19-р талбайд газрын тос олборлох Хятадын “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь 2006 оноос эрчимтэй ажиллагаа явуулж эхэлжээ. Олборлох ажиллагаа явагдаж эхлэхтэй зэрэгцэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь олны анхаарал татах хэмжээнд хүрсэн. Нөхөн сэргээх ажил үнэхээр хангалтгүй, нутгийн иргэд, тэнд очсон хэний ч нүд халтирмаар болжээ. ОРХОН. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ашигладаггүй хаягдал хүдрийг ашиглаад цэвэр зэсийн үйлдвэр байгуулахаар нутгийн иргэд санаачилга гарган Зэс эрдэнийн хувь компани үүсгэн байгуулжээ. Тэд өөрсдийн эдийн засгийн үндэслэл саналаа боловсруулан зөвшөөрлөө авхаар төрийн өмчийн хороонд хандсан ч одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй л байна.

ӨВӨРХАНГАЙ аймгийн Уянга суманд хийсэн мониторингийн дүгнэлт дараах байдлаар гарчээ. Тодруулбал “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох явдлыг бүрэн зогсоох нь зүйтэй. Уянга сумын нутаг дэвсгэр дэх уул уурхайг эдийн засгийн ач холбогдол гэхээсээ энэ сумын хэтийн хөгжлийг харсан төрийн тусгайлсан бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. 

ӨМНӨГОВЬ аймгийн Цогтцэций сум “Нүүх үү,  үлдэх үү” гэдэг дээрээ тулаад байна. Сумаас тавхан километрийн зайтай салхины дээд талд нь Монголын уулуурхайн томоохон компаниудын нэг Энержи ресурсын “Ухаа худаг” үйл ажиллагаагаа явуулж хөрс хуулалтаа, хийж уурхайн амаа нээгээд байгаа. Үүнээс үүдэн Цогтцэций сумын иргэд амьсгалын замын өвчин тусаж, үргэлжийн манарсан цагаан шороон дунд байснаас үүдэн жирэмсэн эхчүүдэд  жирэмсэлтийнхээс өөр шинжийн хордлого илэрч, шинээр мэндэлж байгаа хүүхдүүд нь ч амьсгалын замын өвчтэй төрөх болжээ.

ДУНДГОВЬ аймагт нөхөн сэргээлт хийлгүй орхиод явсан газар арав гаран бий гэнэ. Жонш олборлосон “Эм Си И Кей” компани гэхэд л 1622.66 м2 талбайг ухаад үлдээсэн бөгөөд үүнд нь адуу унаж эрсэдсэн байна.

ЗАВХАН. Тайшир сумын Улаан боом хэмээх газарт 54 тэрбум төгрөгийн өртгөөр усан цахилгаан станц барьсан. Ингээд Завхан голын урсгалыг боож нэг жил гаруй ажиллуулснаас болж гол голдиролоороо урсаж чадахгүйд хүрч хоёр жил болж байна. Ингээд Завхан аймгийн Дөрвөлжин, Увс аймгийн Завхан сум зэрэг 12 багийн нутгаар гол 300 орчим км тасарч хуурай саарь болжээ. Завхан голын эхэнд цутган сэлбэдэг Хар ус, Шар усны голуудад алтны уурхай сүүлийн дөрвөн жилд үйл ажиллагаа явуулсан. Үүнээс үүдэн дээрх голууд тасарч Завхан голын усны түвшин багасаж Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд усаар тасарч байна.

СҮХБААТАР АЙМАГ.
“Түвшин ширээ суманд нинжа нар бий болчихлоо. Цаанаас нь Дорноговиос мэргэшсэн нинжа нар тээрэм, мөнгөн усаа ачиж ирээд манай хүмүүсийг уруу татах боллоо. Очоод тараах гэхээр алга болчихоод, явахаар буцаад л цуглачихна. Шалтгалтынхан явуулах захирамж маань тамгын газраас гараагүй байтал нинжа нарт мэдээлэл оччих юм…" хэмээн тус аймгийн Засаг дарга Р.Эрдэнэцогт ярилцлага өгчээ. Цайрт минералаас эхлээд л нинжа нарын асуудал нь Сүхбаатарын “Нүхбаатар” болчих вий хэмээн иргэдийнх нь сэтгэлийг зовоосоор байна.

СЭЛЭНГЭ. “Гал үндэстэн” холбооныхон “Нутаг чөлөөлөх” ажиллагаа явуулж байхдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сумнаас нууц алтны уурхай илрүүлжээ. Тодруулбал, Тус суманд байх гаднаас нь харахад шавар дан байшингийн доор 30 метр үргэлжлэх хонгил бүхий нууц уурхай байсан аж. Байшингийн зоориноос эхлэн ухсан уг нүхэнд шууд орох боломжгүй байсан бөгөөд гүний уурхайн дээрээс эгц ухсан бас нэг нүх олдсон байна. Тус нууц уурхайд 5-6 хятад иргэн алт олборлож байгаад хөдөлгөөнийхөн ирэхийн өмнөхөн зугтсаныг нутгийн иргэд баталсан аж. Уурхайн амыг нууж барьсан шавар байшингаас БНХАУ-ын гурван иргэний паспорт болон 2007, 2009 онд дууссан Хайгууллын лиценз олдсон байна. ТӨВ. Төр төлөөлж суугаа засаг дарга хууль бусаар мод бэлтгэсэн хэргээр шалгагдаж буй. Тус аймгийн Батсүмбэр сумын засаг дарга хууль бус шийдвэр гаргаж, мод бэлтгүүлсэн байна. УВС. Аймгийн Бөхмөрөн суманд малчид  газар нутгийнхаа төлөө тэмцэн суултаа үргэлжлүүлсээр байна. Тус суманд Канадын хөрөнгө оруулалттай компани хайгуулын болон ашиглалтын лизенц авч, хоёр жилийн өмнөөс хайгуул хийж, Бөхмөрөн сумын нутагт ашиглалтын 947 га, хайгуулын 4000 гаруй га газарт зөвшөөрөл авсан. Энэ газар нутагт тухайн орон нутгийн иргэдийн эцэг өвгөдийнх нь шарил, хиргисүүр, мөн дархан цаазат газар нутаг багтдаг. ХОВД. УИХ-ын даргыг орон нутагт ажиллах үеэр Мөст сумын иргэн Бямбаа "Бид хөшөөтийн уурхайгаас тонн нүүрсийг 50 мян­ган төгрөгөөр худалдаж авдаг. Харин гадагш нь таван ам.дол­ла­раар гаргаад байх юм. Үүнийг төр засаг бодолцож зөрүү энэ тэрийг нь зөв тогтоомоор юм” хэмээн гомдоллов.

ХӨВСГӨЛ. Монгол Улсын 17 аймагт нинжатай. Жилийн өмнө хийсэн судалгаагаар 20 гаруй мянган хүн ийн гар аргаар алт олборлодог аж. Тус аймгийн нинжа нарын тоо асуудал болоод байгаа бөгөөд Цагааннуур сумын цаатан иргэд болон нинжа нар хоорондоо буудалцаж байгаа тухай мэдээлэл гарах болж.

ХЭНТИЙ. Улсын хэмжээнд 15 аймгийн 17 мянган га газарт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, нөхөн сэргээлт хийгдээгүй гэнэ. Нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаа газрын ихэнх нь нүүрс, төмрийн хүдрийн орд газрууд. Өөрөөр хэлбэл, эдгээр нь 1990 оноос өмнөх үед олборлолт хийгээд нөхөн сэргээлгүй орхисон газрууд юм.

Ийнхүү 21 аймаг тус бүрт хариуцлагагүй компаниудын босгосон шороон овоо хэдийнэ бий болжээ. Газар орноо ийн сүйдэж, иргэд нь хохирч байхад төрд сонгогдсон эрхмүүд нам суудал ярьж цагийг барсаар. Энэ бүх “хариуцлагагүйн овоо”-г нураагаасай хэмээн найдаж сонгосон эрхмүүд юу хийх гэж байна даа, ингэхэд.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж