Хуучирсан мэдээ: 2012.07.31-нд нийтлэгдсэн

Нэхэх эрхгүй медаль

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав… Тавхан хором. Энэ тавхан хоромд ганцхан зөв алхах гэж бүх насаа зориулж, Монгол гэх зургаахан үсгийг дэлхий даяар цуурайтуулахыг зорьсон хүнийг “арчаагүй” гэж хэлэх хүмүүст амьдрал ямар санагддаг бол. Хормын төдийд бүх амьдралынх нь зорилго орхиод одсон тэр хүн тэр үгийг нь сонсоход ямар хэцүү бол оо. Ганцхан секундын төлөө бүх насаа зориулах агуу сэтгэлтэн энэ хорвоод хэд гэж.     

Бүхий л амьдралаа ганцхан зүйлд зориулчихсан хүн түүнээсээ хагацахад ямар санагдах бол гээд төсөөл дөө. Зөвхөн л түүний төлөө амь, амьдралаа зориулсан хүн ганцхан секундын дотор бүх боломжоо алдахдаа ямар их уй гашууд автдаг юм бол. Ганцхан секунд. Тэр ганцхан хормын төлөө бүхнээ зориулсан шүү дээ. Ганцхан секундэд зөв алхаж, ганцхан долийн өмнө гишгэх гэхдээ өдөр болгон дөрвөөс таван удаа, хоёроос гурван цаг хөлсөө урсган, бүх насаараа бэлтгэл хийсэн тамирчинд тэр агшин ямар үнэ, цэнэтэй бол. Долоон тэрбум хүнээс шигшигдсэн учраатайгаа түүний төлөө тулалдах ямар хэцүү вэ. Бэлтгэлээ тараад харих мөнгөгүй, гэртээ харихад галгүй хүйтэн байшин. Түлээ авъя гэхнээ цалин мөнгөгүй. Тэр бүхнийг тэвчин, зүрхээ шархлуулан байж зүтгэлээ гээд ганцхан л хормыг ашиглаж чадаагүй бол “шаварт хутгалдах” сайхан гэж үү.   

Ямар их сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил, хүч шаардагдах вэ. Хоёрхон сая монголчуудад хэдэд нь тэгж тулгарах сэтгэлийн хат бий бол. Хэд нь тэр шокноос гарч, тэгээд өрсөлдөж чадах бол. Хэд нь залхаж, хэд нь үлдэх бол. Хэлээд өгөөч…

Амьдралынхаа утга учир болгосон зүйлээсээ хагацсан хүнд амьд явах хүсэл төрөх болов уу. Зөвхөн л бэлтгэлдээ бүхнээ зориулж бусад асуудлаа төрдөө даатгачихсан. Тэгээд мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө аваад өрсөлдөж байгаа хүнтэй ийм их ачаатайн дээр “Кэвтүүл, кэвтүүл” гэхээс цаашгүй дасгалжуулагчтайгаа өрсөлдөхөд амархан уу. Х.Цагаанбаатарыг ялагдал хүлээхэд зүхсэн хүмүүс хэдэн секунд энэ талаар бодсон бол…

Афины олимпоос хэн монголчуудад медаль авчирч өгсөн юм бэ. Х.Цагаанбаатараас өөр хүн бий бил үү. Хэн монголчуудыг дэлхийн тамирчдыг тэргүүлсэн жүдочтой гэж хэлүүлсэн юм. Жүдогийн 66 кг-ийн номер нэг тамирчин хэн юм. Хэн Монголын төлөө Бээжингийн олимпод хоёр хавиргаа хугалчихаад барилдсан юм. Хавиргаа хугалсан хүн хүнтэй барилдах нь байтугай амьсгалж чаддаг бил үү. Хэн 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголыг төлөөлж очоод аваргын алтан медаль авч, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Хэн, хэн, хэн…     
   
Лондонгийн олимпийн жүдо бөхийн 66 кг-ийн жинд алтан медаль авсан Гүржийн Шавдатуашвилийг хэн айлгаж байлаа. Монголыг мэдэхгүй шахуу тэр Х.Цагаанбаатараас айгаагүй гэж үү. Тэгээд бүхнээс илүү судалсан, бүхнээс илүү мэдээгүй гэж үү.

Хэрвээ Х.Цагаанбаатар хоёр дахь барилдаанаасаа олимпийн дэвжээг орхиогүй бол тэр алтан медаль авах боломж бүрэн байсан. Хэрвээ алтан медаль энгэртээ гялалзуулсан бол муулаад байсан хүмүүс яаж гүйх байсан бол оо. Хэрвээ тэгчихсэн бол хүмүүс яаж наалдаж, хамаатах байсан бол. Хэрвээ тавхан секунд тэсчихсэн бол. Хэрвээ, хэрвээ, хэрвээ…

Сайн явахад садан мундахгүй, саар явахад дайсан мундахгүй гэгч нь л энэ байх. Дэлхийн аварга Х.Цагаанбаатарынхувьд Лондонгийн олимп ингээд дууслаа. Бүгдийг айлгаж явсан шилдэг жүдоч энэ олимпийг санах болгондоо харууслын дурсамжаа сэдрээнэ. Тивийн хошой, дэлхийн аварга гэдэг цолыг ганцхан энэ үг мартуулна. Тиймээс түүнд хүнд байгаа. Алдаанд өөрийгөө яллаж суугаа. Тэргүүн эгнээнд бичигдэж дэлхийн шилдгүүдийн зүрхэнд шар ус хуруулж байсан хүн ялагдалтайгаа нүүр тулахад ямар хэцүү вэ гэдгийг өөрөөс нь өөр хэн ч ойлгохгүй. Муулсан ч гэлээ тэр дэлхийн аварга. Монголын далбааг олон тивээс тивд мандуулсан гавъяат.

Амжилт гаргавал наалдаж, асуудал тулгарвал зугтдаг улсынхаа төлөө бэртлээс бэртлийн хооронд чадваржиж, ар гэр, амьдрал ахуйгаа золиослосон Х.Цагаанбаатар, М.Бундмаа нарыг яагаад муу хэлэх ёстой гэж. Тэдний хувьд олимп дууссан. Гэхдээ тамирчдыг яллаж болохгүй.

Олимп үзэхдээ хүртэл “орой гарч байна” гэж гомдоллодог бидний өмнөөс “Орлого байхгүй. Бэлтгэл хийх мөнгө өг” гэж тэд нэг удаа нэхсэн бил үү. “Амжилт гаргаарай” гээд амьдралынх нь асуудлыг шийддэг гэж үү. Юугаар гийгүүлсэн гэхдээ медаль нэхэх эрхтэй гэж. Олимпийн медаль байтугай эрх ч авч чаддаггүй тамирчидтай олон улстай харицуулахад бид харин ч бахархмаар мундаг тамирчидтай улс.

Аль зоонд орж хэнтэй таарахаас эхлээд бүх зүйл аз, эзээр хэмжигддэг агуу спортод тэд маань, хүч, хурдаар бус азаар л дутлаа. Яадаг юм, ялагдсан ч гэсэн бор зүрхээрээ зүтгэж яваа хэдэн тамирчдаа өмөөрнө өө.  

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж