Ингээд ТӨХ ноос томилогдсон тендерийн комисс, АХБ ны мэргэжилтнүүдийн тусламжтайгаар үнэлгээний ажилдаа орсон байна. Шинээр батлагдсан Концессийн хуулийн хүрээнд манай улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа томоохон төсөл гэдэг утгаараа ТӨХ энэхүү үнэлгээний явцын туршид АХБ болон тэдний томилсон мэргэжлийн компаний заавар зөвлөлгөөг авч байсан нь сайшаалтай боловч даанч энэ нь эцсийн үнэлгээний явцад тусгалаа олсонгүй. Энэхүү зөвлөх компанийн үнэлгээгээр, “Самсунг-Коспо” консорциумын санал өрсөлдөгч консорциумын саналаас тариф, анхны хөрөнгө оруулалт, үр ашигтай байдал, тарифт харгалзах татвар зэрэг үндсэн үзүүлэлтээрээ дунджаар 10 гаруй хувиар давуутай байхад “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком” консорциумийг төгсгөлийн шатанд Preferred Bidder буюу Давуу эрхтэй оролцогчоор шалгаруулжээ. Давуу эрхтэй оролцогч гэдэг утгаараа “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком” консорциумтай Монголын Засгийн газар эхлээд хэлэлцээр хийж тэр нь бүтэлгүйтвэл дараагийн оролцогч болох “Самсунг-Коспо”-г хэлэлцээрийн ширээнд урих ёстой юм. Ийм учраас Засгийн газартай хийгдэх хэлэлцэрийг дуустал “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком”-ыг тавдугаар цахилгаан станцын тендерийн ялагчаар зарлаад байгаа нь буруу юм.
Цахилгаан станцын төслийн ажилд хамгийн гол хоёр үзүүлэлт байдаг нь техникийн саналын хувьд-бойлуур, санхүүгийн саналын хувьд тарифф буюу хэрэглэгчдийн төлөх цахилгааны төлбөр юм.
Нэгдүгээрт, энэ төсөл нь BOT буюу барих-ажиллуулах-шилжүүлэх нөхцөлөөр хийгдэж байгаа ба дээрх нөхцөлөөр тендерт ялсан тал станцыг барьж ашиглалтад оруулснаас хойш 25 жилийн хугацаанд ажиллуулсаны дараа Монголын талд шилжүүлнэ. Хэрэв “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком” консорциум энэ төслийг хэрэгжүүлбэл, 450 мгВт-ыг хэрэглэгчид хэрэглэнэ гээд тооцвол үүнийгээ 25 жилээр үржүүлбэл, тарифийн зөрүүнээс ард иргэдийн нуруун дээр 25 жилийн туршид 600 сая ам. долларын нэмэлт дарамт ирж байна.
Хоёрдугаарт, “Самсунг- Коспо”-гийн санал болгож буй бойлуур нь дэлхийн нийт хэрэгцээний 60 гаруй хувийг дангаараа хангадаг АНУ-ын Foster-Wheeler Boiler гэнэ. Тэгвэл “Ай Пи Суэз-Сожиц-Поско-Ньюком” консорциум БНХАУ-д үйлдвэрлэсэн Hyundai Boiler компанийн хаана ч хэрэглэгдэж эхлээгүй туршилтын гэж болохоор бойлуурыг санал болгож байна. “Хьюндай Групп” компанийн “буянаар” өмнийн говийн иргэд сүүлийн хэдэн өвлийн туршид цахилгаан, дулаанаар гачигдаж, зутарч суугааг та бүхэн мэднэ. Сүүлийн хоёр өвөл Өмнөговь аймгийн Даланзадгадын станц тэг зогсолт хийж, сар гаруйн хугацаанд өмнөговьчууд цахилгаан, дулаангүй байсан нь худлаа биш. БНХАУ-д үйлдвэрлэсэн Hyundai Boiler-ийг тавдугаар цахилгаан станцад ашиглалаа гэхэд асуудал үүссэн тохиолдолд улаанбаатарчууд л хамгийн түрүүнд хохирол амсах нь тодорхой.
Энэ шударга бус үнэлгээний асуудалд одоогийн болон шинээр байгуулагдах Засгийн газар, ТӨХ-ны шинэ удирдлага анхаарлаа дахин нэг хандуулж, шударга бус үнэлгээг хянан үзэж, ард иргэдийн нуруун дээр ирэх дарамтыг багасгаж, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахад анхаарна гэж найдаж байна. Тавдугаар цахилгаан станц нь Монгол Улсын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих гол гарц мөн юм бол энэ асуудалд хянамгай болгоомжтой хандахгүй бол эргээд эдийн засгийн томоохон хохирол амсч магадгүй юм.