
АТГэнэ оны эхний хагас жилд 3116 албан тушаалтны ХОМ-ийг хянаж, 225 албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгасан байна. Нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшвэл, ажилд томилогдохоос өмнө хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гарган, томилох эрх бүхий байгууллага уг мэдүүлгийг АТГ-т хүргүүлж хянуулах ёстой. Хууль хүчин төгөлдөр болсноос эхлэн нийт 100 байгууллагаас 564 албан тушаалтны урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулахаар ирүүлснээс 534 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын зөрчлийн талаар дүгнэлт гарган, холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлжээ. Гэвч дээрхи заалтыг зөрчсөн хэд хэдэн тохиолдол гарсан байна. Тодруулбал, Дорноговь аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд найм, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс гурван албан хаагчийг ажилд томилсны дараа хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ-т хянуулахаар ирүүлсэн байна. Мөн ГЕГ-аас 13 иргэнийг нийтийн албанд томилохоор нэр дэвшүүлж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар ирүүлснээс зургаа нь мэргэшлийн шалгалтад тэнцээгүй иргэд байсныг Төрийн албаны зөвлөлд хянуулахаар шилжүүлсэн байна.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Гомдол, мэдээллийн төвд 97 өргөдөл, гомдлыг хүлээн авснаас 89-ийг шалгаж шийдвэрлэжээ. Мөн тус хэлтэс энэ оны эхний долоон сарын байдлаар 86 албан тушаалтны ХОМ-ийн зөрчил болон бусад зөрчил илрүүлснийг үндэслэн холбогдох байгууллагуудын удирдлагаас зөрчил гаргагчдад сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүнээс сануулах 39, үндсэн цалинг 1-3 сарын хугацаагаар бууруулах 42, ажлаас халах 3, ажлаас чөлөөлөх 1, бусад арга хэмжээ нэгийг авчээ.
Дээрхи мэдээллийн дараа АТГ-ын Мөрдөн шалгах албаны дарга нар мөрдөн шалгагдаж буй нийт хэргийн талаар мэдээлэл хийж , сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэсийн дарга Д.Цоодолсэнгээгээс цөөн асуултад хариулт авсан юм.
-Иргэдийн ирүүлсэн гомдол, мэдээлэл бүрийг шалгадаг уу?
-Тэгнэ. Энэ оны эхний долоон сарын байдлаар гэмт хэргийн талаарх 183 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 42-д нь 23.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн 36.0 хувьд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, 59 гомдол буюу 32.0 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, нэг гомдлыг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгасан. Одоогоор ажиллагаанд 15 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй байгаа. Шийдвэрлэлт 92.3 хувьтай байна
-Эрүүгийн хэдэн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан бэ?
-Хуульд заасан харьяаллын 434 үйлдэлтэй, 109 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 хувиар өссөн. Мөн хээл хахууль авах гэмт хэрэг урьд оны мөн үеэс 12 хувиар, хээл хахууль өгөх нь 80 хувиар өссөн байгаа юм.
-Мөрдөн байцаасан хэргийн шийдвэрлэлтийн тухайд?
-Дээрхи хэргийн 20 хувьд яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 15 хувийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 15 хувийг харьяаллын дагуу тус тус шилжүүлсэн. Мөн 17 хувийг өөр эрүүгийн хэрэгт нэгтгэж, нэг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн. Одоогоор 36 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Нийт мөрдөн шалгасан нийт эрүүгийн хэрэгт 23 тэрбум төгрөгийн хохирол учирсан байсан. Үүнээс 1.3 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулж, 3.6 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн.
-Дээрхи хэргүүдэд хэдэн хүнийг шалгасан бэ?
-Эрүүгийн хэрэгт нийт 179 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татан шалгасан. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 хувиар өссөн байна.
-Албан тушаалын хувьд?
-Хэргийн холбогдогчдыг албан тушаалын байдлаар авч үзвэл төрийн улс төрийн 22 ажилтан, төрийн захиргааны 35, төрийн тусгай албаны 11,төрийн үйлчилгээний 32, энгийн буюу аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан 79 иргэн шалгагдсан байна.
-Яллах дүгнэлтийг хэдэн хүнд өгсөн бэ?
– Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэрэгт нийт 66 хүнийг сэжигтэн, яллагдагчаар татсан.