Татварын тайланг шуудангаар явуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Татварын тайланг шуудангаар явуулна

Татварын ерөнхий газар, “Монгол Шуудан” төрийн өмчит ХК хамтран татварын үйлчилгээг шуудангаар явуулах ажил бэлэн болжээ. Энэхүү ажлыг наймдугаар сарын 1-нд албан ёсоор эхлүүлэх юм байна. Ингэснээр  цаашид татвар төлөгч аж ахуйн нэгж, хувь хүмүүс албан татварын бүхий л тайлангаа “Монгол Шуудан” компанийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 400 гаруй салбарын аль нэгээр илгээх боломж бүрдэж байгаа ажээ. Татвар төлөгч нь хоёр талын шуудангийн тариф нь хот, аймгийн дотор 3500₮, хот хооронд 5500₮ -ийг төлөөд энэхүү үйлчилгээг ашиглах юм.

Энэ нь татвар төлөгч татварын албанд биеэр хүрэлцэн ирж, цахимаар шивсэн тайлангаа баталгаажуулахаар дугаарлах хэрэггүй болж байна гэсэн үг юм байна. Нөгөө талаар татварын тайлангаа шуудангийн үйлчилгээ ашиглан татварын албанд илгээж, татварын алба шуудангаар дамжуулан татвар төлөгчидтэй харилцах шинэ гарц нээгдэж байгаа тухай албаныхан онцолж байна. Мөн татвараа шуудангаар илгээснээр цаг  хэмнэх гэнэ. Учир нь шууданд хүлээн авсныг нотлох өдрийн тэмдгийн огноогоор тайланг хугацаандаа тушааснаар тооцох тул 10 минутын дотор ч тайлангаа тушаах боломжтой аж. Хэрэв хэрэглэгч хүсвэл татварын тайлан бүхий шуудангаа хүргэгдсэн эсэх тухай мэдээллийг мэссэж болон и-мэйл –ээр авч болох юм.

Анхааруулахад:

– Дугтуйн дээрх шуудангийн өдрийн тэмдгийн огноо нь татварын тайланг тушаасан хугацааг нотолно

– Татварын тайланг илгээх 1ш дугтуй худалдаж авахад 1ш дугтуй дагалдаж ирэх бөгөөд уг дугтуйг нугалан тайлангийн хамт хийнэ. Уг нугалсан дугтуй нь татварын албанаас таны хаягаар буцаж ирэх дугтуй юм

– Буцах болон очих хаяг, шаардлагатай үед холбоо барих утасны дугаарын очих болон буцах дугтуйн дээрээ зөв, гаргацтай бичсэн байна

– Шуудангаар илгээсэн татварын тайланг хүлээн авсан тухай болон хянаж баталгаажуулсан тухай мэдээллийг Татварын албанаас тухайн татвар төлөгчид үүрэн телефоны утас руу мессежээр мэдээлнэ

– Хянуулсан тайланг буцаан илгээхдээ дугтуйн дээрх шуудангийн зураасан кодоор бүртгэл явуулах тул, буцах дугтуйндаа зураасан кодыг ашиглахаа мартаж болохгүй юм байна.

Шуудангаар илгээх алхам:

  1. Хамгийн ойр байрлах шуудангийн үйлчилгээний салбарт хандах
  2. Монголын Татварын Албаны тусгай таних тэмдэг бүхий логотой дугтуйг худалдаж авах
  3. Худалдаж авсан дугтуйндаа татварын тайлангаа буцах дугтуйн хамт хийн  шуудангийн үйлчилгээний ажилтанд хүлээлгэн өгнө
  4. Дугтуйн дээр бичигдсэн татварын хэлтсийн хаяг байршлын  дагуу тайланг хүргэнэ
  5. Татварын тайланг хянаж хүлээн авсны дараа буцах дугтуйн дээр бичигдсэн хаягийн дагуу буцааж явуулах ажээ. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж