Ийнхүү Нидерландын Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд дээрх төслийн байдалтай танилцахаас гадна баримтат кино хийхээр иржээ.
Монголын УЗН Нидерландын УЗН-ийн хамтын ажиллагааны хүрээнд 2011-2013 онд гэр хорооллын усны хангамж, орчны ариун цэврийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэхэд иргэд, сайн дурынхны оролцоог хангах хэлбэрээр гэр хорооллын өрхийн хөгжлийг дэмжин “Шинэ нөөц-шинэ боломж” төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд гэр хорооллын усны хангамжийг нэмэгдүүлэх, өрхийн бие засах газрыг сайжруулах, сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх, орчны ариун цэврийг сайжруулах, иргэд, хүүхэд залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах, сайн дурын идэвхитэн, үе тэнгийн сургагч хүүхдүүдийг бэлтгэх, эрүүл мэндийн клубүүд, сургалт, сурталчилгааны гэр төвүүдийг байгуулах зэрэг гэр бүл, хамт олонд чиглэгдсэн цогц үйл ажиллагаа зохион байгуулах ажээ. Түүнчлэн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Говьсүмбэр аймаг хамрагдах ба дөрвөн ус түгээх газар, гүний худаг барьж, долоон сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинээр байгуулах, засварлах, 200-с доошгүй айл өрхийн бие засах газар барих юм байна.