О.Баасанхүү: МАН-д Цэцэд хандах үндэслэл байхгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

О.Баасанхүү: МАН-д Цэцэд хандах үндэслэл байхгүй

СЕХ-ноос УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авч, удахгүй парламентын гишүүний тангаргаа өргөх гэж байгаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн гишүүн Л.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр өнөөдөр Төрийн ордонд албан өрөөгөө хүлээж авсан юм.

-Төрийн ордонд төвхнөж эхэлж байна уу. Тангаргаа хэзээ өргөхөөр болсон бэ?

-УИХ-ын чуулганы хуралдаан хараахан болоогүй байна. Хамгийн эхний хуралдаан дээр тангаргаа өргөнө.

-Танай эвсэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшигчийн жагсаалтаас хассан асуудлаар дахин Цэцэд хандахаар болоод байгаа юм байна. Цэцийн бага суудлын хуралдааны шийдвэрийг эцсийнх гэсэн. Гэтэл дахин хандах нь хэр үндэслэлтэй вэ?

-Цэцээр орно, орохгүй гэдгээр одоогоор байр суурь илэрхийлэх боломжгүй. Гэхдээ хууль зүйн бүхий л бололцоог авч үзнэ. Н.Энхбаяр даргын асуудал өнөөдөр улс төрийн маш соёлгүй, буруу жишиг тогтоогоод байна. Тиймээс хууль зүйн бүх гарц, гаргалгааг хийх болно.

-Хуульч хүний хувьд МАН-ын зүгээс УИХ-ын чуулганы үйл ажиллагааг гацаагаад байгааг юу гэж үзэж байгаа вэ?
-МАН маш улс төрийн соёлгүй загнасан. Чуулганы хуралдаанд орох уу, үгүй юү гэдэг бол МАН-ын үзэмжийн асуудал. Харин анхдугаар чуулган хууль ёсных уу, үгүй юү гэдэг дээр МАН-ынхан байр сууриа илэрхийлэх ёсгүй. Яагаад вэ гэвэл гишүүд хуралд ороод хаяж болно. Хуралд орсон хойноо таалагдсан, таалагдаагүй гээд хаяад гарсан тохиолдолд тэднийг хүлээх үү, үгүй юү гэсэн асуудал гарч болно. Харин огт хуралд оролцохгүй байгаа хүмүүсийг хурал хийлгэх хүсэлгүй гэж ойлгох хэрэгтэй. Орж ирэхгүй байгаа хүмүүсийг хүчээр хуралд оруулна гэсэн хууль зүйн гарц өнөөдөр байхгүй учраас одоо байгаагаар нь шийдвэр гаргах нь зөв. Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгч чиг үүргээ илүү хүчтэй гүйцэтгэх хэрэгтэй байсан болов уу. Анхдугаар чуулганыг хуралдуулна гэдэг хурлыг эхлүүлнэ гэсэн үг биш. Хурлыг эхлүүлсэн. Дуустал үргэлжлүүлэх үүрэг Ерөнхийлөгчид байсан.  Хууль зүйн талаасаа МАН-ын байр суурь буруу.

-МАН-ын зүгээс Цэцэд “зөвшилцөх” гэсэн асуудлаар маргаан үүсгэхээр болсон. Үүнийг юу гэж үзэх вэ?

-Түрүүн хэлсэн. Нэг асуудлыг л маш тодорхой хэлмээр байна. МАН чуулганы хуралдаанд ороод энэ үгийг хэлэх ёстой байсан. Хуралд орохгүйгээр юм ярина гэдэг нь нэг ёсондоо хууль зүйн талаасаа дефакто үүсгэхгүй байна гэсэн үг. Маргаан үүсгэхийн тулд эхлээд хуралдаа ороод, зөвшилцөх ёстой, ёсгүй гэдгээ хэлээд нөгөө талаас ёсгүй гэвэл магадгүй, хурлаа хаяж гараад яривал өөр шүү дээ. Одоо яаж байна гэхээр маргаан үүсгэе гэхээр МАН-ынхан өөрсдөө хуралдаа ороогүй. Тэгчихээд “зөвшилцөөгүй” гэж ярьдаг буруу. Зөвшилцөнө, үгүй гэдэг дараагийн асуудал. Эхлээд үүнийгээ чуулганы хуралдаан дээр ороод тайлбарлаж хэлэх ёстой байсан. “Та нартай зөвшилцсөн”, эсвэл “Зөвшилцөөгүй” гэх ёстой байсан. Ард түмэн МАН-ынхныг чуулганы хуралдаан дээр хараагүй шүү дээ.

Бүлгээр ярьсан л гэдэг. Бүлгийн хуралдааныг хаалттай хийдэг. Хаалттай хуралдааны цаана ярьсан ч юм уу, яриагүй ч юм уу, юугаар нотлох юм. Нэг хүний байр суурь ч юм уу, бүлгийнх үү гэдэг ойлгомжгүй байна. Хэрэг дээрээ хуралдаанд орцгоогоод хэлэх ёстой байсан. Хуралд ороод “Зөвшилцье” гээд, хэрэв нөгөө талаас “Зөвшилцөхгүй” гэвэл ийм ийм шалтгаанаар хурлыг орхиж гарлаа гэдгээ хэлэх байсан. Ингэсэн бол одоо Цэц рүү маргаан үүсгээд явж болно. Гэтэл хуралд огт орж ирээгүй, бүлгийн хаалттай хуралдаан хийчихээд, түүгээрээ юуг бойкотлоод байгаа нь ойлгомжгүй байна. Хэвлэл, мэдээллээр тэр бүлгийн хурал харагдаагүй учраас юунаас болоод гацаагаад байгааг тухайлбал, би мэдэхгүй байна. Бүлгийн байр суурь гээд хэдхэн хүн яриад байгаа нь үнэхээр бүлгийн байр суурь мөн үү, биш үү гэдгийг хэлэхэд хэцүү. Цэц дээр асуудал оруулж байгаа бол тодорхой факт хэрэгтэй. Тэдний хаалттай хуралдааны асуудлыг Цэц хэлэлцэнэ гэж байхгүй. Хуралд урьсан. Хуралд МАН-ын гишүүд ирээгүй, хэн ч байр суурь илэрхийлээгүй. Байр суурь илэрхийлээгүй үйлдэл дээр зөв буруу гэж ярих нь буруу.

-МАН-ын дарга Ө.Энхтүвшин “УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон асуудлаар Цэцэд хандсан. 24 цагийн дотор Цэцэд хандсан тул МАН УИХ-д бүлэг байгуулах эрхтэй” гэснийг юу гэж үзэж байгаа вэ?

-Цэц шийдвэр гаргаагүй байхад Цэцийн өмнөөс ярина гэдэг буруу. Цэц хараат бус. Тэндээс ямар шийдвэр гарахыг хэн ч урьдчилж мэдэхгүй.

-МАН бүлэг байгуулах эрхгүй бол тэд сул гишүүд болох уу?
-Тэгж болно. 2004-2008 оны УИХ-д “Эх орон-Ардчилал” эвсэл тарсны дараа 62-ын бүлэг гэж байсан. Түүнийг тараад АН-ынхан зөвлөл байгуулж сул гишүүн болсон.

-Танай бүлэг улс төрийн хэлмэгдүүлэлт гаргахгүй гэсэн байсан. Энэ ямар учиртай үг вэ?

-Ерэн жилийн түүхтэй нам хуваагдаад, энэ хуваагдал нь олонх нь цөөнхөө барьж идэж МАХН-ыг хэлмэгдүүлэх эхлэл болсон. Н.Энхбаяр, Б.Тулга, З.Баянсэлэнгийн хэргийг цөм улс төрийн шинжтэй хэлмэгдүүлэлт гэж харж байгаа. Манай бүлэг хатуу, нэг байр суурьтай байгаа. Бид аливаа улс төрийн хэлмэгдүүлэлттэй хэзээ ч эвлэрэхгүй. Үгээ хэлсэн хүнийг хэлмэгдүүлж ирсэн түүх бий. Улс төрийн хэлмэгдүүлэлт үргэлжлэх ёсгүй гэж үзэж байгаа. Үргэлжлэх юм бол бид тууштай тэмцэх болно.

Д.ОЮУН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж