Сурах бичиг хэвлэх ажил дуусах дөхжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Сурах бичиг хэвлэх ажил дуусах дөхжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үзэх сурах бичгийг хэвлэх ажил үндсэндээ дууссан бөгөөд нийслэлийн болон аймгуудын сургуулиудад нийлүүлж байгаа тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Ерөнхий боловсролын газраас мэдээллээ. Тодруулбал, энэ жил 89 нэр төрлийн нийт нэг сая 315 мянга 348 ширхэг сурах бичгийг  шинээр болон дахин хэвлүүлж байгаа ажээ.  Үүний 27-г шинээр, нөхөн хангах зорилгоор 62 нэр төрөл бүхий сурах бичгийг дахин хэвлүүлж, нийлүүлэх юм байна. Одоогоор шинэ боловсруулсан сурах бичгүүдийг Боловсролын газруудад хүргүүлсэн бөгөөд дахин хэвлүүлэх сурах бичгийг хэвлэн, нийлүүлэх ажил 90 хувьтай байгаа гэнэ.

Энэ талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын мэргэжилтэн Ч.Ганцэцэгээс тодрууллаа.


-Одоогийн байдлаар сурах бичгийг хэвлэх, нийлүүлэх ажил ямар явцтай байна вэ?

-ЕБС-ийн тав, 10 дугаар ангийн сурах бичгийг шинээр зохиож хэвлэлээ. Мөн нийслэлд болон аймгуудад хүргэхийн тулд Боловсролын газруудаар нь дамжуулж, нийлүүлээд дуусч байна. Харин өмнөх онуудад хэвлэгдсэн 62 нэр төрлийн сурах бичгүүдийг нөхөн хангалт хийх зорилгоор хэвлэх ажил хийж байна. Үндсэндээ 90 орчим хувьтай байна. Тэгэхээр үлдсэн сурах бичгүүдийг хэвлэж дуусаад, ойрын үед Боловсрол соёлын газруудад хүргүүлнэ.

-Сурах бичиг хэвлэх ажил хэдийнээс эхэлсэн бэ?

-2012-2013 оны хичээлийн жилд ЕБС-иудын сургалтанд ашиглах сурах бичиг зохион, хэвлэн нийтлүүлэх ажил энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Зохих хууль журмын дагуу сурах бичгийн хэвлэх ажлын сонгон шалгаруулалт зарлаад, зургадугаар сарын 13-наас хэвлэх ажил эхэлсэн.

-Боловсролын газартаа хүргүүлээд сургууль дээрээ буюу сурагчдын гар дээр  хэзээ ирэх бол?

-Эхний ээлжинд Боловсролын газартаа хүргүүлж байгаа нь бүртгэлтэй байдаг бүх сургуулиуддаа жигд тараахын тулд ингэж дамжуулдаг юм. Тэгэхээр энэ үлдэж байгаа хугацаа бол хол байгаа аймагтаа сурах бичгүүдээ хүргүүлээд дуусч байгаа учир есдүгээр сарын 1-нээс өмнө сургуулиуддаа тараахад хангалттай юм.

-Энэ жил яагаад заавал тав, аравдугаар ангийн сурах бичгийг шинээр боловсруулах болсон юм бэ?

-ЕБС –иудыг 2008 оноос эхлээд 12 жилийн тогтолцоонд шилжихээр шийдвэр гарсан билээ. Энэ хүрээнд үе шаттайгаар 2008 онд нэгдүгээр анги, 2009 онд хоёрдугаар анги 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаа юм. Тэгэхээр хөтөлбөрийн дагуу энэ жил 12 жилийн тогтолцоонд шилжиж байгаа нь тав, аравдугаар анги юм. Тиймээс шинэ тогтолцоонд шилжиж байгаа дээрх хоёр ангийн сурах бичгийг шинээр боловсруулж, хэвлүүлж, хүргүүлсэн.

-Сурагчдыг сурах бичгээр үнэгүй хангадаг байсан нь хэвээрээ юу?

-2009 оноос эхлээд ЕБС-ийн бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс бүрэн хангах, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг төрөөс сурах бичгийг төрөөс бүрэн хангаж байгаа нь хэвээрээ. Ингэхдээ сургуулиудын номын сангаар тарааж, дахин ашиглуулна.

-Ахлах, дунд ангийн сурагчдын 40 хувийг даана гэдгийг тодруулаач?

-Энэ нь дунд, ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд гурав болон түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүдийн сурах бичгийг хангах юм.

-Төрөөс бага ангийн сурагчдын сурах бичгийг даах юм чинь худалдаанд зөвхөн дунд, ахлах ангийн сурах бичиг байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Өөрөөр хэлбэл, бага ангийн сурагчид ном авах хэрэггүй болж байна. Харин дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийн сурах бичгийг төрөөс дааж, үлдсэн 60 хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдаж авах нь.

-Сурах бичгийн жинг тооцсон стандарт байдаг уу?

-Ер нь ерөнхий боловсролын сургалтын систем дагуу тухайн жилд тэрхүү ангид ямар боловсролыг авсан байх ёстой вэ гэдгийг хамаарч, номны жинг тооцдоггүй юм.

-Бага ангийн хүүхдүүд номнуудаа үүрч яваад, ядарсан гэртээ орж ирдэг гэдэг шүү дээ. Бага ангийн хүүхдүүдийг энэ тал дээр хэрхэн зохицуулж байна?

-Тиймээ, анх сургуульд орж байгаа зургаан настай хүүдүүдийн хувьд их хүнд цүнх үүрч байна гэсэн асуудал байдаг. Энэ тал дээр өнгөрсөн жил манай газраас сургуульд шинээр орж байгаа хүүхдийн цүнхний жинд судалгаа хийж үзсэн. Бага насны хүүхэд олон ном үүрч явж байгаа нь хүүхдийн өсөлт, хөгжилд нөлөөлөхүйц байна гэж их шүүжилдэг бол хүүхдийн нэг өдрийнх нь хэрэгцээт ном, хэрэглэл нь тийм хүнд биш байсан. Эцэг эх нар нь зайлшгүй хэрэгцээт ном, хэрэглэлээс нь гадна ойр зуурын хэрэглээний зүйлс цүнхэнд нь өгч явуулаад байна. Тиймээс энэ тал дээр эцэг эх нь анхааралтай байх хэрэгтэй болж байгаа. Ер нь нэгдүгээр ангийн нэг номны сурах бичгийн дундаж жин нь 140 грамм, цүнхэн дэх ном, хэрэглэлийн жин нийлээд 1.5 кг-аас хэтрэхгүй байх боломжтой гэсэн судалгааг гаргасан.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сурах нөхцлийг хангах тал дээр сурах бичгийг хэрхэн шийдсэн бэ?

-Хүүхдийн нүдний хараа, нас, бие, хөгжлийн онцлогийг шингээсэн олон улсын стандартын дагуу сурах бичгийг хэвлэх талаар онцгой анхаарч энэ, жил шинэчилсэн технологиор хэвлэлээ.

-Сурах бичиг хэдийнээс худалдаанд гарсан бэ?

-Долдугаар сарын 1-нээс худалдаанд гарсан. Хөдөө орон нутагт болон нийслэлийн том, том номын дэлгүүр болон худалдааны төвөөс худалдан авах боломжтой. Одоогоор эцэг эхүүд хүүхдийнхээ хичээлийн хэрэглэлийг тайван цуглуулах гэсэн дээ ч юм уу, гадуур худалдаа муу байх шиг байна. Наймдугаар сард эд ачаалалтай болдгоос өмнө бага багаар ч болов хичээлийн ном, хэрэглэлээ авч байсан нь дээр л дээ.

-Дундаж үнэ хэдтэй байна вэ?

-Зах зээлд худалдах дунд ангийн сурах бичгийн дундаж үнэ 2200 төгрөг, ахлах ангийн сурах бичгийн үнэ дунджаар 3420 төгрөг байна. Өнгөрсөн жилүүдэд ашиглаж байсан сурах бичгүүд хуучин үнээр худалдана.

-Энэ жил хичээл эхэлчихээд байхад сурах бичиг амжиж хэвлэгдээгүй, дутуу ирсэн гэсэн дутагдал гарах болов уу?

-Бид энэ байдлаас сэргийлж, сурах бичиг хэвлэх газруудтай гэрээ хийсэн. Бүх аймгуудад жигд хуваарилна. Орон нутгийн боловсролын газруудад бол дийлэнх нь хүргэгдчихлээ. Тэгэхээр хичээлийн шинэ жил эхлэхэд сурах бичиг ирээгүй гэдэг зүйл байхгүй. Аймагтаа оччихсон байгаа юм чинь үлдсэн хугацаандаа сургуулиуддаа хангалттай хүргэнэ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж