МАН-ын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

МАН-ын хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа МАН-ын бүлгээс ирүүлсэн гурван хүсэлтийг хэлэлцээд “Хүлээн авах боломжгүй” гэсэн шийдвэрт хүрсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт МАН-ын дарга Ө.Энхтүвшин Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай уулзах үеэрээ нэгдүгээрт, УИХ-ын даргыг сонгох процессыг дахин явуулах, хоёрдугаарт Өвөрхангайн тойргийн асуудлыг яаралтай шийдвэрлэх, гуравдугаарт, таван газрын автомат машинаар тоолсон санал хураалтын дүнг гараар тоолохыг хүссэн аж. Гэвч Ардчилсан намын бүлэг эл асуудлыг хэлэлцээд, "УИХ-ын даргыг томилох процесс хуулийн дагуу явагдсан тул дахих боломжгүй. Өвөрхангайн асуудлыг УИХ, улстөрийн нам шийдэх бус эцсийн шийдлийг шүүх гаргана. Гуравдугаарт, гараар санал тооллого явуулах боломжгүй, УИХ-ын сонгуулийн тухай хуульд автомат машинаар саналын хуудсыг тоолж гаргана гэж заасан, тэр хүрээндээ асуудалд хандах ёстой. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс автомат машинд асуудал байхгүй гэж үзсэн учраас аль нэг улстөрийн хүчний шаардлагад нийцүүлж ажиллах ёсгүй юм" хэмээн үзжээ.

"Гэхдээ Ардчилсан намын хувьд энэ удаагийн сонгуульд олонхи болсон тул энэхүү үүсээд байгаа гацааг арилгахын тулд МАН-тай зөвшилцөлд орох ёстой. Энэ хүрээнд МАН-ын бүлэгтэй зөвшилцөнө" хэмээн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо. Мөн түүний тайлбарласнаар одоогийн Засгийн газрын бүрэн эрх нь дуусч, чадамжгүй болсон байгаа. Ийм үед Засгийн газраас маш олон шийдвэр гарч буй учраас тэр бүгдийг судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Н.Батбаяр нарын гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан тухай мэдэгдлээ. Ингэхдээ хоёр ажлын хэсэг байгуулсан юм байна. Нэгдэх ажлын хэсэг нь эдийн засагтай холбоотой асуудлыг судлах бол хоёр дахь ажлын хэсэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас зохион байгуулж буй цахим үнэмлэх олгох ажил ямар шатанд явааг судалж, эргэж бүлэгт мэдээлэл хийх болжээ. 

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж