Долоон алтан медалийн төлөө Лондонд ирсэн АНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Майкл Фелпс хоёр дахиа бүдэрлээ. Олимпийн наадмын эхний өдөр буюу 28-нд болсон эрэгтэйчүүдийн 400 метрийн холимог сэлэлтийн төрөлд финалд шалгарч чадаагүй тэрбээр өчигдөр болсон 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн буухиа төрөлд багийн тамирчдын хамт уралдсан ч финалд Францын багт хожигджээ.
Хамгийн сүүлийн тамирчин уралдах хүртэл АНУ-ын тамирчид тэргүүлж байсан ч Францын багийн сүүлийн тамирчин болох Янник Агнел багийнхаа төгсгөлийг гайхалтай тавьж, Рьян Лохтег гүйцсэнээр аваргын тавцанд гарах эрхтэй болсон байна. Харин хүрэл медалийг ОХУ-ын баг тамирчид хүртжээ.
Фелпс ийнхүү багийн буухиа уралдаанд мөнгөн медаль хүртсэнээр олимпийн нийт 17 медальтай болж байгаа юм. Бээжингийн олимпийн наадмаас найман алтан медаль хүртэж, шинэ түүхийн эзэн болсон түүний амжилт Бээжингээс Лондон хүртэлх олимпийн циклийн хугацаанд буурсаар байгаа билээ.
Бээжингийн олимпийн наадмаар дээрх төрөлд шигшээ уралдаанд 0.08 секундээр ялагдаж байсан Францын усанд сэлэлтийн тамирчид энэ удаад 3:09.93 секундын амжилтаар тэргүүлсэн бол АНУ-ын баг 3:10.38, харин ОХУ-ын тамирчид 3:11.41 цагийн амжилт үзүүлжээ.