“Засгийн газрын бүтцийг АН-тай хамтарч ярина”

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

“Засгийн газрын бүтцийг АН-тай хамтарч ярина”

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан сая өндөрлөлөө. Хурлаар хэлэлцсэн асуудлууд болоод бусад сэдвээр сэтгүүлчид тус бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулсан юм.

-Бүлгийн хуралдаанаар ямар гол асуудал хэлэлцсэн бэ?

-Эвслийн дүрмээ хэлэлцэж баталлаа. Манай эвслийн УИХ-ын хоёр гишүүн энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаан дээр тангараг өргөнө. Ийм хоёр асуудал хэлэлцлээ.

-Эвслийн дүрмийн гол агуулга юу вэ?

-УИХ-д гурван бүлэг ажиллаж байна. Нам, эвслийн бүлэг бол УИХ-ын үйл ажиллагааны гол албан ёсны бүтэц. Энэ үүднээсээ гишүүдийн дотоод харилцаа, бүлэг, бусад нам, эвслүүд болоод төрийн бүтцүүдтэй ажиллах ажиллагааг зохицуулсан хэм хэмжээг зохицуулдаг. Тиймээс өнөөдрийн хуралдаанаараа бүлгийн дүрмээ баталлаа. Бүлгийн даргын эрх, үүргийн асуудал, хуралдааны дэг зэрэгтэй холбоотой зүйлүүдийг бүлгийн дүрэмд тусгасан.

-Танай эвслээс жагсаалтаар нэр дэвшиж УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ СЕХ-ноос авсан гурван хүний хоёр нь тангараг өргөхөөр болсон юм байна. МАХН-ын дарга Н.Энхбаярыг орж ирж магадгүй гэж гурав дахь хүн болох Ц.Оюунбаатарыг хойшлуулсан юм уу?

-Үндсэн хуулийн Цэцээс яг Н.Энхбаяр гэдэг тухайн нэр дэвшигч дээр гаргасан үндэслэлийг дахин нягтлах нь зүйтэй гэж хуульчид зөвлөсөн. Тийм учраас Н.Энхбаяр даргын асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд дахиад нэг хандах нь зүйтэй гэж эвслийн Удирдах зөвлөл үзээд байна. Түүнийг хүлээж байгаад гурав дахь хүнээ шийднэ.

-Хоёр гишүүний тангаргыг хэзээ өргүүлэх вэ?

-Энэ долоо хоногийн чуулганы хамгийн эхний нэгдсэн хуралдаан дээр өргүүлнэ.

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар танай бүлэг хэлэлцсэн үү?

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг одоогоор яриагүй байна. Үүнийг эвслийн бүлгээс томилогдсон ажлын хэсэг АН-ын ажлын хэсэгтэй хамтран хэлэлцэх ёстой. Тиймээс энэ асуудлыг манай бүлэг дангаараа ярихгүй. Ажлын хэсгийн явцад Засгийн газарт орж ажиллах хүмүүс, Засгийн газрын бүтцийн асуудал, яамдын чиг, үүрэгтэй холбоотой асуудал гэх мэтчилэн дараагийн асуудлуудыг ярилцана. Хэлэлцээрийн явцад, тодорхой хүрээнд эдгээрийг ярих учраас эвслийн бүлэг дангаараа яриагүй.

-Танай эвслийн бүлгийн талаас АН-ын ажлын хэсэгт Засгийн газрын бүтцийн талаар санал тавьсан уу?

-Өмнө нь зөвшилцлийн ажлын хэсгийн явцад 75:25-ын харьцаатайгаар Засгийн газрын гишүүдийг томилох нь зүйтэй гэж тогтсон. Энэ гэрээгээр тогтсон хүрээндээ “Шударга ёс” эвслээс хүнээ санал болгох, Засгийн газрын бүтцэд ямар яамд байх, аль яам, ямар томилгоон дээр өөрийн хүнээ санал болгох вэ гэдгийг шийднэ. Харин УИХ-ын бүтэц дотор яаж ажиллах вэ гэдгээ бид ярьсан. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын ажил үүргийг манай “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн хэрэгжүүлэхээр болоод байгаа. Хоёр дахь байнгын хороо одоогоор хараахан тодроогүй байна. Ойрын үед тодрохоор нь ярина. Байнгын хорооны дарга хэн болох вэ гэдгийг одоогоор яриагүй байна.

-УИХ-ын байнгын хороодын тоог нэмэгдүүлэхээр ярьж байгаа юм уу?

-Одоогоор УИХ-ын тухай хууль, дэгийн хууль, бусад хуульд өөрчлөлт оруулах талаар манай бүлгийн гишүүдээс санал гараагүй, манай бүлэг авч хэлэлцээгүй байна.

-УИХ-ын дэд даргад танай эвсэл хэнийг дэвшүүлэх вэ?

-Үүнийг хараахан шийдээгүй байна.

-Л.Цог гишүүний нэр явж байгаа гэсэн?

-Янз бүрийн санал явж байгаа. Шийдээгүй байгаа.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж