Яруу найрагч Ц.Хулан: Ерээд оныхон утга зохиолд том цунами байсан

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Яруу найрагч Ц.Хулан: Ерээд оныхон утга зохиолд том цунами байсан

Яруу
найрагч Ц.Хулантай уулзахаар Хүүхэлдэйн театр дээр очлоо. Хүүхэлдэйн
театрын захирал, найрагч бүсгүйн өрөө улаан, цагаан, хар өнгөтэй.
Түүний дуртай улаан өнгө энд тэндгүй. Уулзалтын ширээ чамин улаан
бүтээлэгтэй. Дээдэх лааны суурь улаан. Нар хаах цонхны хөшиг нь бас
улаан. Өөрөө ч гэсэн шотланд хээтэй улаан, хар алчуур нөмөрчихсөн.
Харин үргэлж улаахан байдаг уруулаа л будахаа "мартсан" байлаа.

 Ярилцлага
авахад хэрэг болж магад гэж гэрээсээ авч гарсан "Зүгээр л нэг
амьдрахсан" ном, тэмдэглэлийн дэвтэр хоёроо ширээн дээр нь гаргаад
тавьсан байтал тэр надаас:

-Энэ чиний ном уу? гэж асуулаа.

-Тийм, минийх.

-Ямар сайн юм бэ. Тэгвэл надад номоо түр зээлчих. Эгч нь тоглолтын дараа дээр нь гоё үг бичээд эргүүлээд өгье.

Бид хоёрын хооронд ингээд бяцхан
өгөө, аваа болчихов. Гоё санагдлаа. Ц.Хулангийн "Зүгээр л нэг
амьдрахсан" номны эзэн нь би. Нөгөө талаас бас бодоод үзвэл эзэн нь
Цоодолын Хулан. Угтаа бол бүр "жинхэнэ эзэн" нь гэсэн үг биз дээ.
Тэгсэн Цоодолын Хулан өөрөө "Зүгээр л нэг амьдрахсан"-г надаас гуйж
авлаа.

-Тэгэхээс.
Миний хайртай ном. Эргүүлж өгөхдөө та дээр нь "Номоо ашиглуулсанд
баярлалаа. Цоодолын Хулан" гээд бичээд өгөөрэй. Ингэхэд танд өөрт чинь
байдаггүй гэж үү?

-Нэг ч байхгүй болчихжээ. Гадуур хайгаад олдоггүй. Эндээс ганц хоёр харах юм байгаа юм.

-Худалдаанд байхгүй байна лээ. Манай найз авах гээд хайгаад олоогүй. Та дахиад хэвлүүлэх бодол байна уу?

-Уул нь 12000 ширхэг хэвлүүлсэн ш
дээ. Тэгээд байхгүй болчихсон. Гэхдээ дахиад цөөхөн хувийг ч гэсэн
хэвлүүлдэг юм уу л гэж бодож байгаа.

-Хавтсан дээрх улаан уруулын будаг таны өөрийн санаа юу?

-Тийм.

-Таны тухай бодохоор улаан уруулын будаг шууд санаанд ордог. Энэ богино үс, улаан уруулын будаг хоёр таны үүрдийн имиж юм шиг?

-Тийм ээ, би улаан өнгөнд их дуртай. Ихэвчлэн улаанаар л буддаг.

-Улаанаас өөр сонголт хийдэг үү?

-Ягаан, улаан хүрэн гээд хааяа өөр өнгө бас хэрэглэнээ.

-Улаан өнгө таны хувьд юуг илэрхийлдэг вэ?

-Бадрангуй…Гал, цогтой.

-Тийм шүү. Бас секси?

-Тийм, секси. Гал халуун. Ер нь их
халуун өнгө. Уул нь миний ордын хамгийн ээлгүй өнгө гэдэг юм байна лээ.
Гэхдээ л би дуртай. Надад хөх өнгө ээлтэй зүгээр гэсэн. Хэрвээ хөх
өнгөнд илүү дурлаж, хэрэглэдэг байсан бол илүү нам тайван зан байдалтай
ч байх юм билүү. Улаан өнгө гэхдээ маш гоё.

-Та ямар орд юм бэ?

-Нум сумны орд ш дээ. /инээв/

-Тэгвэл та ер нь хэр хурц зантай вэ?

-Намайг ихэнх хүмүүс эхэндээ тэгж
бодож, дүгнэдэг юм шиг байгаа юм. Гэхдээ эцсийн эцэст хамгийн зөөлөн
хүн гэдгийг олж мэддэг байх аа л гэж би боддог. Балбар ахыг амьд сэрүүн
байхад нь тэр хүнийг харахаар л өөрийгөө хөндлөнгөөс харж байгаа юм шиг
санагддаг байсан. Бид хоёрын жил, орд ч ижил. Ер нь их ойролцоо зан
авиртай. Тэр хүнийг нас барсны дараа сэтгэл их өвдсөн. Одоо л гайгүй
эдгэж байна. Яруу найрагчдаас надад хамгийн ойр хүн байсан. Хэрвээ
Балбар ах эмэгтэй хүн байсан бол яг надархуу, би эр хүн байсан бол
Балбар ахтай төстэй л хүн байх байсан болов уу гэж боддог юм.

-Яруу
найрагч эмэгтэй хүн гэдэг жинхэнэ эр зоригтон байдаг юм шиг санагддаг л
даа. Ямар ч гэсэн жирийн эмэгтэйчүүдээс хэд дахин илүү эр зоригтой. Тэд
сэтгэл доторхоо айж ичилгүй бусдад дэлгэдэг. Тэдэнд нууц гэж ч
байдаггүй гэмээр… Өөрөө өөрөөсөө дотоод сэтгэл, мэдрэмжээ нуух л юм
бол яруу найрагч биш болчих гээд.

-Магадгүй ээ. Тэрийг жирийн
эмэгтэйчүүд л хэлэх байх. Ямар ч гэсэн яруу найрагч эмэгтэй хүн хадамд
гарахдаа өөрөө үхтлээ унаж туссан хүнтэйгээ биш, өөрт нь унаж туссан
хүнтэй суувал зүгээр юм уу даа гэж би боддог. Найрагч хүн гэдэг алдааны
цуглуулга л байдаг шүү дээ. Магадгүй өнөөдөр би ямар хүнд дурлачихыг
хэн ч мэдэхгүй. Тийм л сонин улс. Найрагч эмэгтэй хүн гал, ус, шуургыг
давч гарч чадах сэтгэлийн хаттай мөртлөө ганцхан хатуу үгэнд л
гомдчихно. Голдоо ортол гомдвол "Баяртай" гэж хэлээд хаалга саваад л
гарах байх. Тэгээд хэзээ ч эргэж ирэхгүй байж мэднэ.

-Тэгвэл танд хамгийн сүүлийн дурлалаа хэлэх эр зориг байна уу?

-Ил хэлж болох нь бол миний охины аав л байна даа /инээв/ Тоглосон юмаа тоглосон юм.

-Ингэж хэлэхээс та эмээхгүй юу? Үүнийг бас л эр зориг гэх байх.

-Би нөхрийнхөө дэргэд эрэгтэй хүн
ярихаас айдаггүй. Зарим хүүхнүүд бол айдаг л юм байна лээ. Би
нөхөртэйгээ хамт байж байхдаа "Энэ мөн ч сайхан хийморьтой залуу шүү.
Хувцас нь сайхан зохисон байна" ч гэдэг юм уу энэ мэтчилэнгээр ярьж л
суудаг. Манай хүн ч намайг тэгж ярьлаа гээд буруугаар ойлгож,
эмзэглэхгүйг нь би мэднэ. Миний хань ч гэсэн надаас айсандаа сэтгэлийн
хөдөлгөөнөө нууж ч юм уу байхыг би хүсдэггүй.

"Эргэн эргэн дурсагдах

Эрт цагийн дурлал минь

Эдгэж өгдөггүй шарх шиг

Эмзэглүүлэн санагдана" гээд
нөхрийнхөө хажууд шүлгээсээ уншсан чинь миний нэг таньдаг хүүхэн "Чи
яасан нөхрөөсөө айдаггүй юм бэ?" гэж байсан. Нэгэнт бие биесээ сонгосон
л бол хоёр биенийхээ өнгөрсөн амьдралыг хайрлаж хүндлэх хэрэгтэй. Урьд
хожид болоод өнгөрсөн дурсамж, сургамж бүхнээ хайрлаж байх хэрэгтэй л
гэж боддог доо.

-Та түрүүн өөрийгөө "алдааны цуглуулга" гэлээ?

-Би одооны залуучуудын нэг зүйлд
дургүй хүрдэг. Тэд яаж алдаагүй амьдрах вэ гэж л боддог. Алдаагүй
амьдрах гэж яаж байх юм бэ. Хүнд хайртай болж, дурлал хайрын шаналан
энэ тэр гэдэг юмыг хүн амсах, мэдрэх ёстой ш дээ. Одооны залуучууд их
сургуулиа улаан дипломтой төгсөөд л, тэгснээ нэг сайхан ажилд ороод,
тэгээд хань ижлээ сонгохдоо хүртэл ямар ч алдаа гаргахгүйгээр сонгох л
хүсэлтэй… СУИС-ийн оюутан гуравдугаар курсдээ дуучин болоод,
тавдугаар курсдээ гавъяатын найраа хийхийг хүсч байна. Ийм хүмүүс олон
болж. Хүн зовлон шаналал гэдэг юманд сэтгэлээ дүрээд авах хэрэгтэй шүү
дээ. Тэгж байж хүн болно. Тиймээс алдахаас айх хэрэггүй.

-Та дүрэлзсэн хурц, дур зоргоороо санагддаг. Аав тань таныг алдаж оноход хэр загнаж зэмлэдэг байсан бэ? Магадгүй одоо ч гэсэн.

-Загнадаг л байсан. Гэвч эргээд
дандаа миний зөв байсан. Миний аав өнгөрсөн зууны дунд үеийн хүн. Би ч
өнгөрсөн зууны сүүл үеийн хүн. Хоёулаа л өнгөрсөн зууны хүмүүс. Гэхдээ
бид хоёрт үзэл бодлын ялгаа гэж юм байна. Жишээлбэл, улс төр дээр бид
хоёр бол үзэлцэж өгнө. Хоёулаа муудаж сайндаад л явж байдаг. Бид хоёрын
зөрчилдөөн яахав дээ, гэр бүлийн бяцхан дайсагналаас хэтрэхгүй.

"Миний хүүгийн зөв байж" гээд аав сонин хэвлэлд ч ярьж л байсан. Гэхдээ би өвдөг шороодсоныгоо тавлаж суудаг хүн биш ээ.

-Та
"Зүгээр л нэг амьдрахсан" дээрээ Отгонжаргал гэгч яруу найрагч эмэгтэйд
"Борооноор бичсэн захидал"-аа хаягласан байдаг. Тэр захидлыг уншсанаас
хойш тэр яруу найрагчийн тухай их сонирхож, сурагламаар санагддаг
болсон. Та түүнтэй уулзсан уу?

-Үгүй ээ, уулзаагүй. Дээр үед бичиж
байсан шүлгүүд нь их таалагддаг байсан. Хэрвээ одоо муу бичээд байвал
юу гэж таалагдаад байхав. Отгонжаргал надад өөрийгөө "зовоож" амьдарч
байгаа хүн шиг санагддаг юм. Дуулна гэдэг лусын харъяат байхын нэр
гэдэг шиг утга зохиолд байна гэдэг өөрөө өөрийгөө мартахын нэр. Энэ
урлагт, энэ яруу найрагт насаараа жаргаж явах юмсан гэдэг хүслээр ороод
бүтэшгүй. Урлагийг өөрийнхөө төлөө байгаа юм шиг боддог хүмүүс олон
болсон учраас урлаг өнөөдөр хөгжихгүй байна уу даа гэж бодогддог.

Урлаг дотор байгаа өөрийгөө
хайрлахгүйгээр хүмүүсийн сэтгэл дотор байгаа урлагийг хайрлах хэрэгтэй
юм болов уу. Тийм хүмүүс ховор болсон байна. Тийм ч болохоор олон хүн
алдартан болоод дорхноо унтрахыг бид өч төчнөөнөөр нь харж байна шүү
дээ. Хэзээ ч унтрахгүй тэнгэрт мөнхөд гэрэлтэх олон зуун оддыг бид
мэднэ. Тэд өөрсдийгөө хайрлаагүй. Өөрсдийнхөө жаргалын төлөө урлагт
ороогүй юм ш дээ. Харин өөрсөд дотроо байгаа урлагийг л хайрлаж байсан.

-Та тэгвэл өөрөө өөрийгөө мартаж, өөрийгөө зовоож байна уу?

-Хүчээр өөрийгөө зовоогоод байгаа
хэрэг бол биш л дээ. Миний өөрийн нэг шүлэг байдаг. "Орох борооны чинь
солонгоор дээс болгон наадаж "Орчлонд надад ирэх зовлонгоор жаргал
болгож амьдаръя" гээд… Миний амьд яваа маань наддаа жаргал юм даа.

-Та залуу шүлэгчдээс тоож уншиж байгаа хүн бий юу?

-Шинэ залуу найрагчдын шүлгүүдийг
уншдаг л юм. Заримыг нь уншихад даанч дээ хайран цаас гэмээр ч юм
байна. Ойн сайхан модыг ингэж дэмий юм сараачиж гарздах хэрэг байна уу
гэж бодогдохоор шүлгүүд их гарч байна шүү дээ. Зарим нь бас авъяастай
хөөрхөн бичдэг ч хүүхдүүд байж л байна.

-Та нэг
телевизээр өгсөн ярилцлагадаа "Яруу найрагч хүн зөвхөн өөрийн дотоод
сэтгэл, мэдрэмжээ тойроод л шүлэглээд байвал дэндүү амиа бодсон хэрэг.
Жинхэнэ найрагч хүн эх орныхоо төлөө зүрх сэтгэл нь цохилж, сайн сайхны
тэмцэгч байх ёстой" гэсэн утгатай зүйл ярьж байсныг санаж байна?

-Тийм. Одоо нэг тийм уйлагнасан
шүлгүүд их болсон шүү дээ. Тэр сэрэл мэдрэмжийн яруу найраг энэ тэр
гээд юу яриад байдаг юм. Хаашаа юм, биеэ нэг жаахан чимхээд авахад л
тэр чинь сэрэл мэдрэмж юм байгаа биз дээ.

Яруу найрагч хүн үнэнийг дуулах,
тунхаглах эр зоригтой байх ёстой. Үүрэг нь ч тэр. Түүнээс биш зүгээр
нэг бэлгийн бойжилт нь гүйцээгүй яваа жаахан банди шиг өөрөө өөрийгөө
зугаацуулсан ядмаг зүйл хийж явахыг яруу найрагч гэхгүй ээ. Найрагч хүн
бол зөвхөн эх орныхоо төлөө төдийгүй бүр эх дэлхийн төлөө цохилох
зүрхтэй байх ёстой гэдэг.

"Наран бөмбөрцгийг гар дээрээ өргөж

Дэлхийн бөмбөрцгийг хөлөөрөө тулж

Хүн зогсном" гэж Эдуардс Межелайтис шүлэглэсэн байдаг шүү дээ.

-Манай яруу найрагт ерээд оныхон гэж том үзэгдэл байлаа. Одоо шинэ үе гарч ирж байгаа болов уу? 2000-гаад оныхон ч юм уу?

-Үгүй, гарч ирээгүй байна. Нэг сайн
давалгаанд мянган жижиг давалгаа үзэгддэггүй шүү дээ. Манай ерээд
оныхон бол утга зохиолд нэгэн аварга том цунами л байсан Бид яруу
найргаа өөрчилье, шинэчлэлт хийе гээд тэгээд тэмцлээ их буруу хийсэн л
дээ. Сэтгэлгээний измүүд, уран яруу байх шаардлага, тэгээд сонгодог
уламжлал энэ бүхэн нэгдэж байж сайн яруу найраг төрөх ёстой. Жинхэнэ
яруу найраг бол монгол хүний чихээр сонсоход уран яруу, сонсголонтой
байх ёстой. Мэдээж хамгийн гол нь яруу найрагч хүнд хүн чанар байх
ёстой. Энэ бол агуу том чанар. Одоо манайд боловсролтой яруу найрагчид
нь уран яруу байдлаа орхигдуулж бичээд, боловсрол нимгэнүүд нь ямар ч
утга санаагүй мөртлөө нэг л худлаа, хий хоосон уянгалсан юм бичээд
байна. Тэгээд тэрийгээ нээх муухай бүгд яг адилхнаар уншиж дургүй
хүргэхийг нь яана. Нэг тийм муухай нялуун, хөгшин, хөдөөний стилээр
уншицгаана.

Энэ пүрэв гаригт Аса циркэд болох "Ц.Хулангийн үдэш"-т зочилж, түүний ертөнцөд тавтай морил.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж