Испанийн хөлбөмбөгчид хэсгийн шатнаас хасагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Испанийн хөлбөмбөгчид хэсгийн шатнаас хасагдлаа

Лондонгийн олимпийн наадмын эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний ээлжит нэг дуулиан дэгдэж, яруу алдарт Испанийн шигшээ багийн тамирчид хэсгийн шатнаас тэмцээнийг орхих болж байна. Олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний “D” хэсэгт багтсан тэд нээлтийн тоглолтоо Японы багтай хийж, 1:0 харьцаатай хожигдсоноор анхны дуулианы эзэд болсон бол өнгөрсөн шөнө Гондурасын багт 1:0 харьцаатай хожигдсоноор хэсгийн шатны сүүлийн тоглолтын үр дүнгээс үл хамааран нутаг буцах нь тодорхой болов. Тоглолтын эхэн үед Жерри Бентсоны оруулсан гоолын ачаар хүчирхэг өрсөлдөгчөө буулган авсан гондурасчууд харин Японы багийн хамт хэсгээсээ шалгарах боломжтой боллоо.

Харин “С” хэсэгт Бразилийн шигшээ 3:1 харьцаатай Беларусийн багийг хожсон бол Египет, Шинэ Зеландын багууд 1:1-ээр тэнцжээ. Египетийн багийн тухайд лхагва гаригт Беларусийн шигшээтэй тоглох бөгөөд хожсон тохиолдолд хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болно. Хоёр тоглолтын дараах байдлаар Бразили зургаан оноотой хэсгээ тэргүүлж, дараагийн шатанд шалгарах нь тодорхой болсон бол Беларусь гурван оноотой удаалж байна. Харин Египет болон Шинэ Зеландын багууд тус тус нэг оноотой хэсэгтээ сүүл мушгиж явна.

“В” хэсэгт Мексикийн шигшээ баг 2:0 харьцаатай Габоныг, харин БНСУ 2:1-ээр Швейцарийн багийг тус тус буулган авчээ. Ингэснээр Мексик болон БНСУ-ын багууд тус бүр дөрвөн оноотой хэсгээ тэргүүлж, харин нөгөө хоёр нь баг нь ижил нэг оноотой сүүлийн байруудад бичигдээд байна.

“А” хэсгийн тухайд өнгөрсөн шөнө Сенегал 2:0-ээр Уругвайг, талбайн эзэн Их Британийн шигшээ 3:1 харьцаатай Арабын нэгдсэн Эмиратын багийг хожжээ. Эмиратын баг ийнхүү хоёр хожигдсоноор өрсөлдөөнөөс хасагдсан бол Их Британи болон Сенегалын багууд ижил дөрвөн оноотой, Уругвайн шигшээ гурван оноотой удаалж байна.

Олимпийн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд наймдугаар сарын 1-ний лхагва гаригийн шөнө болно.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж