Назарбаевыг үндэсний лидер статустай болгов

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Назарбаевыг үндэсний лидер статустай болгов

Нурсултан Назарбаев. Гэрэл зургийг ©AFP

Казахстаны парламентын доод танхим болох Мажилисийн депутатууд Нурсултан Назарбаевд үндэсний лидер гэсэн статус олгохоор болж хуульдаа өөрчлөлт оруулсан байна. Энэ тухай "Kazakhstan Today” агентлаг мэдээлэв. Өөрчлөлтийн Эрүүгийн хууль болон “Ерөнхийлөгчийн хамгаалалтын тухай хууль”, “Төрийн шагналын тухай” хуулиудад оруулан баталжээ.
Назарбаевыг үндэсний лидер болгох саналыг энэ сарын эхээр хэд хэдэн депутатууд гаргасан юм. Тэд энэ зэрэгтэй хүнийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх саналтай байлаа. Үүнээс гадна “Үндэсний лидерийн үйл ажиллагаанд саад хийх, түүний зургийг урж тасдах, олны өмнө доромжлох, түүний намтарыг гуйвуулах” зэрэгт эрүүгийн хариуцлага ноогдуулах заалтыг Эрүүгийн хуульд оруулсан байна.
Дархан  эрх нь хууль зохиогчдын саналаар бол Нурсултан Назарбаевын хамаатан саданд шууд хамаарах болжээ. Хуулийн эдгээр өөрчлөлтийг парламентын доод танхим энэ сарын 12-нд баталсан байна. Сануулахад, Назарбаевын  эрх баригч “Нур Отан” нам мажилисийг  хянадаг юм байна. Одоо уг хуулийг сенат нь хэлэлцэх юм.
Төрийн тэргүүнийг үндэсний лидер болгох саналыг "Нур Отан" намын орлогч дарга Дархан Калетаев гаргахдаа Назарбаевыг бүх насаар нь ерөнхийлөгч байлгах талаар хуулинд оруулах гэсэн билээ. Гэвч тэр саналыг нь Назарбаев өөрөө дэмжсэнгүй.
Нурсултан Назарбаев Казахстаныг 20 жил захирч байгаа ба 2007 онд депутатууд түүнд хугацаа харгалзахгүйгээр ерөнхийлөгчид нэр дэвшин сонгогдох эрхийг өгсөн байлаа. Энэ удаагийн “үндэсний лидерийн тухай хуулийг” ирэх долдугаар сарын 6-нд 70 хүрэх Назарбаевын ойн өмнө гаргажээ. Назарбаев өөрөө хэдэн сарын өмнө ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглон “тэнд ямар нэгэн үйлдвэрлэлийн, бүх насны гэх мэтийн бэлэг дурсгал байх ёсгүй” гэж хэлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж