Өрнөдийнхний өмнө гишгэсэн “Samsung Electronics”

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Өрнөдийнхний өмнө гишгэсэн “Samsung Electronics”

Ази
тив, азичуудын дүр төрхийн шинэ илэрхийлэл болон дэлхий нийтийн сэтгэлд
орон зайгаа эзэлж буй томоохон үйлдвэрлэгч бол Өмнөд Солонгосын
“Samsung Electronics” корпораци билээ. Эдүгээ цахилгаан техникийн
үйлдвэрлэлд “Samsung Electronics” цахиур хагалж байна. Энэ хэрээрээ тус
компанийн ашиг орлого Азид байтугай дэлхийд тэргүүлж эхэлжээ.

2012 оны хоёрдугаар улиралд гэхэд л 4.53 тэрбум ам.долларын цэвэр ашиг
олов. Ганцхан улирлын ашиг гэхэд гайхмаар их тоо байгаа биз. Ашгийн
дийлэнхийг ухаалаг гар утасны борлуулалт эзэлж байгаа аж. Гэхдээ ганцхан
гар утас хэмээн ойлговол дэндүү өрөөсгөл болно. Тус компанийн зах зээлд
нийлүүлж байгаа телевизор, хөргөгч гэхчлэн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл
ОХУ болон баруунд эрэлт ихтэй байна.

Эдүгээ “Samsung Electronics” дэлхийн хамгийн том технологийн компани
гэсэн үнэлгээг аваад байна. Мэдээж нэр дагаж, эрэлт нэмэгддэг нь зүй
ёсны зүйл. Үйл ажиллагааны орлого нь гэхэд 79 хувиар нэмэгдсэн гэж
компанийн санхүүгийн тайланд дурджээ. Дэлхийн зах зээлд зугуухан хэрнээ
шургуу нэвтэрч байгаа “Samsung Electronics” компанийн бараа
бүтээгдэхүүн, шинэ технологийн өмнө хэрэглэгчид гар өргөж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрөгдөөд байна. Монголчуудын хэрэглээ болоод
удаж байгаа “Samsung” брэндийн ухаалаг гар утас алдарт “Nokia”-г хэдийнэ
ардаа орхиж, тус компанийн шинэ нүүр царайг илэрхийлж байна хэмээн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуу дуугаа авалцан бичиж байна.

Тус корпорацийн нийт орлого 21 хувиар өсч, 47.59 триллион вонд хүрээд
байна. Үүний дөрөвний нэг нь технологийн орлого гэнэ. Эдийн засгийн
шинжээчдийн тооцоолж буйгаар энэ жилийн сүүлийн хагаст корпорацийн ашиг,
орлого илүү ихээр нэмэгдэх ажээ.

Тухайлбал, энэ оны гурав­дугаар хагаст гэхэд саяхан худалдаанд гаргасан
“Galaxy S III” ухаалаг гар утасны борлуулалтаасаа 4.8 триллион воны ашиг
олох магадлалтай байгаа ажээ. Хоёр сарын өмнө зах зээлд гаргасан
“Galaxy S III” смартфон одоогоор 10 гаруй сая ширхэг борлогдоод байна
гэсэн мэдээлэл байна.

“Samsung Electronics”-ийн эрэлт ихтэй байгаа өөр нэг бүтээгдэхүүн нь
Samsung маркийн LED телевизорууд. Нимгэн хөнгөн, өндөр нягт­шилтай
дэлгэц, 3D дүрс, дууны өндөр ялгарал гэхчлэн бусад брэндүүдээсээ
илүүрхсэн технологийн өндөр шийдэл нь хэрэглэгчдийн таашаалд  нийцдэг.
Японы уламжлалт алдарт брэндүүд Samsung телевизорт зах зээлээ алдаж Зүүн
өмнөд Азийн зарим үйлдвэрүүдийнхээ хаалгыг барьж байгаа аж.

1969 онд онд анх байгуулагдаж байсан Өмнөд Солонгосын тус компани
“Боломжийг бодож ол” хэмээх уриатай ажилладаг. Одоогоос хоёр жилийн
өмнөх тоо баримтаас үзвэл тус корпораци 133.7 тэрбум ам.долларын
эргэлтийн хөрөнгөтэй, 13.7 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаж
байжээ. Энэ цэвэр ашгийн хэмжээ жилээр бус сараар хэдэн арван хувиар өсч
байна. Нийт ажиллагсдын тоо нь 200 мянга дөхдөг. Монгол хэлнээ “Гурван
од” гэсэн утга санааг илэрхийлдэг “Samsung” эдүгээ дэлхийн 56 оронд
салбараа нээгээд байгаа бөгөөд тэд зөвхөн урагшаа гэсэн уриатайгаар л
ажилладаг. 2007 онд гар утасны үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт
эрэмбэ­лэгдэж, америкийн алдарт “Motorola”-г гүйцэж түрүүлсэн бол мөн
ондоо гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлээр дэл­хийд тэргүүлсэн
байна. Өнгөрсөн онд “Samsung” 300 сая гар утас борлуулсан бөгөөд ийм
амжилтад урьд нь “Nokia” компани ид нэр алдартай байхдаа нэг удаа хүрч
байсан юм. Тус компани эдүгээ Лондон хотноо болж байгаа зуны 30 дугаар
олимпийн албан ёсны ивээн тэтгэгч бөгөөд мөн 2014 оны Сочийн өвлийн
олимп, 2016 онд Рио-де-Жанейрод болох зуны XXXI олимпийн ивээн
тэтгэгчээр ажиллана.

П.БУЛГАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж