М.Батжаргалын саарал азарга түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

М.Батжаргалын саарал азарга түрүүллээ

Хурдны
өлгий Сүхбаатарчууд  энэ өдрүүдэд аймаг байгуулагдсаны түүхт 70 жилийн
ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж буй билээ. Тус ойд зориулсан зүүн бүсийн
хурдан морьдын уралдааны азарга барианд орлоо. Уяа нь жигдэрч хурд
ирлэгдсэн шандаст  310 хүлэг тоосоо өргөснөөс айргийн дөрвөөс бусдыг
Сүхбаатарчууд  өөрийн болгосон юм. Ингээд хурдан азарганы уралдааны
цувааг танилцуулъя.

Гурван зуу гаруй хурдан хүлгийн магнайд
дүүлсэн саарал азарга бол Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул
М.Батжаргалын хүлэг байсан юм. Харин аман хүзүүнд  Сүхбаатар аймгийн
Уулбаян сумын уугуул Г.Баяржаргалын хонгор, айргийн гуравт Сүхбаатар
аймгийн Баяндэлгэр сумын уугуул, улсын начин Ц. Анхбаярын хүрэн,айргийн
дөрөвт  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б
.Өнөрбаярын хул, айргийн тавд  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул
Доржийн хүрэн тус тус хурдаллаа.

Хул азаргаа дөрөвт хурдлуулж,
хурдны өлгий нутгийнхантай хийморь булаалдсан Б.Өнөрбаяр  АХ-ын 90
жилийн ойн баяр наадамд хурдан халтар морио түрүүлгэж байсан өмтэй уяач
юм.

Г.Нямцэрэнгийн хар түрүүллээ


Зүүн
бүсийн хурдан морьдын уралдааны шүдлэн барианы зурхайд орж ирээд байна.
488 хурдан үрээ шандас шалгаснаас Сүхбаатар аймгийн Дарьганга сумын
ААУяач Гүрдагвын Нямцэрэнгийн хар үрээ түрүү магнайд хурдаллаа. Хар үрээ
нь өнгөрсөн жил Дорноговь аймгийн 80 жил, зүүн бүсийн даншигт сөнгө
даага айргийн таваар хурдалж байсан ба өнөө жилийн хувьд Сүхбаатар
аймгийн аварга хүлгийн уралдаан, мөн сумандаа түрүүлж, Хэнтий аймгийн
Жаргалтхаан суманд давхар уяагаар дахин түрүүлчихээд төрийн наадамдаа
тоосоо өргөн аман хүзүүдсэн. Удам угшлын хувьд эх тал нь Дарьгангын
"сонин" Пүрвээгийн далиу ногооны угшилтай бол эцэг тал нь Дарьгангын
Гомбын Одсүрэнгийн зээрд азарганы угшилтай. Харин аман хүзүүнд Сүхбаатар
аймгийн Уулбаян сумын харьяат Аюушжавын шарга хурдалсан бол айргийн
гуравт Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ерөөлтийн хүрэн үрээ
хурдалжээ. Харин айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын
харьяат Баттулгын хээр хурдалсан бол айргийн тавд Сүхбаатар аймгийн
Дарьганга сумын харьяат Б.Чулуунбаатарын зээрд тус тус хурдалжээ.

МУМУ Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын зэгэл түрүүллээ

Өнөөдөр буюу 7-сарын 27-нд Зүүн бүсийн уралдаан эхэллээ. Энэ  удаад
Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, төрийн тахилгат Алтан-Овооны наадамтай
давхцаж байгаагаараа онцлог болж байгаа билээ. Хязаалангийн уралдаанаар
эхэлсэн зүүн бүсийн даншигт 461 хурдан ажнай мордсоноос:

  1. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат МУМУ Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын зэгэл
  2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Магсарын Нэргүйн хүрэн
  3. Хөвсгөл аймгийн харьяат "Хөвсгөлийн зам" компанийн Болдбаатарын халиун
  4. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Ёндонсамбуугийн Төгсмандахын халтар
  5. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Г.Чулуунбаатарын хүрэн
    хязаалан айргийн тавд багтаж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олныг
    баярлууллаа.


С.Гантөмөрийн хонгор түрүү магнай боллоо

Долоодугаар сарын 27-нд эхэлсэн зүүн бүсийн хурдан морьдын уралдааны их насны морьд гурав дахь /07.29/ боллоо. Сүхбаатар аймгийн 70 жилийн ой, төрийн тахилгат Алтан-Овооны наадамтай давхцаж байгаа энэхүү даншиг наадам өнөө өглөө их насны морьдын уралдаанаар үргэлжиллээ. 375 их насны морьд уралдааны замд мордсоноос Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат С.Гантөмөрийн хонгор түрүү магнай боллоо. Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул  Я.Төгсмандахын хонгор, айргийн гуравт Шадар сайд М.Энхболдын хүрэн халзан /Дүнжингаравын хурд-2012 хаврын бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалж, хэдхэн хоногийн өмнө болсон АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд айргийн дөрвөөр давхисан/,айргийн дөрөвт  Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул Чулуунбаатарын хонгор, айргийн тавд  Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Содномын ягаан тус тус хурдаллаа.

Г.ОЮУН-ЭРДЭНЭ, А.ТЭЛМЭН

Эх сурвалж: www.todmagnai.mn

 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж