Хэдэн жилийн өмнө ирж байсан уурхайн туурины дүр зураг мөнөөх янзаараа. Хойд талаасаа хог нь хийсч, уурхайн амуудыг тойрон буусан айлуудын тоонон дээр эргэлдээстэй. Хэрэглэсэн ариун цэврийн цаас хацар дээр ирээд наалдах нь энүүхэнд. Азаар нүүрсийг газрын гүнээс олборлох юм даа. Монголын анхны нүүрсний уурхайгаас үлдсэн зүйл гэвэл балгас болсон хоёр байшингийн туурь, хэдийнэ ашиглалтаас гарсан төмөр зам төдий. Цагтаа их уурхайд 1600 уурхайчин бужигнаж байсан энэ хөндий өдгөө элэг эмтрэм болж. Гэсэн хэдий ч олон арван нинжа нарыг гэр бүлтэй нь тэжээсээр. Алхам тутамд л улаан цэнхэр хээтэй гялгар уутан хамгаалалт бүхий шовоохойтой нүүрсний амууд. Тэр хонхорт амьдрал өрнөөстэй. Залуу эр эхнэр авч хүүхэд төрүүлж, тэр нь нүүрсний шигшсэн хогон дээр мөлхөж үмхэж, хөл хэлд орно. Харамсалтай нь энэ бүхэн Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө өрнөж буй бүтээн байгуулалт бус хар алтны төлөөх дайнд хүрзээ бариад орсон нинжа нарын эмгэнэлт амьдрал. Миний буусан захын айл “Таван шүтээн” компанийн эзэмшдэг нүүрсний амны сахиул С.Баасанбаярынх байв. Гэрийн эзэн 27 настай. Эхнэр гурван охины хамт амьдардаг. Тэдний таван халуун амь дээр Баасанбаярын төрсөн дүү, эхнэрийнх нь ах хамт амьдардаг аж. Гадуурхаж үл болох хоёр зочны нэг нь хөдөлмөрийн чадваргүй гэдгийг хэлэх ёстой байх. Эдний сарын баталгаат орлого гэвэл эхнэрийнх нь сахиулын цалин болох 100 мянган төгрөг. Дээр нь зургаан хүний 21 мянган төгрөг. Хадам ах нь Хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө тэдэнд хандивладаггүй гэж байсан. Өвлийн улиралд гэрийн эзэн уурхайн гүн рүү орж нүүрс малтах тул хоолгүйтэхийн зовлонг эдлэдэггүй гэнэ. Харин цагаан сарын дараахан компани ажилчдынхаа тоог цөөлөхөд Баасанбаяр өртсөн тул хоёр сар гаруй ажилгүй байж байгаад халтуур хийн 700 мянган төгрөг халаасалсаар ар гэртээ ирээд байхтай нь таарч ярилцсан юм.
-Танайх эндэхийн уугуул айл уу?
Би Ховд аймгийн уугуул. Архангайд наймдугаар анги төгссөн. Налайхад шилжиж ирээд 12 жил болж байна. Эхнэр маань эндхийн уугуул.
-Уурхайд ажиллаад хэдэн жил болж байна?
Нүүж ирээд л нинжа болсон. Өөр ажил олдохгүй юм чинь яалтай. Налайхын эрчүүд бүгд л уурхайчны гэр бүлээс гаралтай. Тиймээс удмаа дагаад л уурхайн гүн рүү яваад орно шүү дээ.
-Хөдөлмөрийн хөлсөө өдөрт нь авах уу, эсвэл?
Долоо хоногт нэг удаа олгодог.
-Эхнэр та хоёрын цалин амьдралд тань хүрэлцэж байна уу?
Хүүхдүүд бага болохоор болоод л байдаг юм. Түлшинд мөнгө зарахгүй байна гэдэг чинь их олз. Гэхдээ миний ажилтай байх хугацаа богинохон, өвөл 11 сараас хоёрдугаар сар дуустал. Бусад үед нь гадуур явж ажил хайж гэмээнэ хэдэн төгрөгтэй залгадаг юм. Энэ үед эхнэрийн 100 мянган төгрөгийн цалин дээр Хүний хөгжлийн 21 мянган төгрөг нэмэр болдог байлаа. Гэтэл 21 мянган төгрөгөө өгөхөө больчихлоо.
-Эхнэр тань сая “Нөхөр халтуур хийгээд 700 мянган төгрөгтэй ирсэн гэж байсан. Түүнийгээ хэрхэн зарцуулахаар төлөвлөсөн бэ?
Мөнгө маань дууссан. Саяхан аав маань бурхан болсон юм. Тэр үеэр хүнээс хэдэн төгрөг зээлсэн байснаа өглөө. Бас гэртээ гар нүүр угаадаг тосгуур, гал тогооны эргэнэг худалдаж авсан. Мөн гэр худалдаж авсан зээлийнхээ хүүг төллөө.
-Сарынхаа хүнсний хэрэглээг авч амжсангүй юу?
Авсан. Хоёр шуудай гурил, дөрвөн кг мах нөөцөлсөн. Ургамлын тос нэг сав.
-Банкны зээлээр гэр худалдаж авсан уу?
Тийм.
-Ямар үнээр?
800 мянган төгрөг. Зээлийнхээ талыг төлчихсөн. Ирэх 12 сард зээлээ төлж дуусна.
-Урьд нь гэр хөлсөлж байв уу?
Аавындаа амьдардаг байсан. Гэртэй болоод өрх тусгаарласан. Өөрийн гэх оронтой болсондоо эхнэр бид хоёр маш их баяртай байгаа.
-Гурван охин тань энэ л хонхорт өсч торних нь. Охидынхоо ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
Миний гэрээсээ хол явж ажил хийх дургүй шалтгаан энэ. Бага хоёр нь яахав, жижигхэн юм чинь. Харин том маань найман настай. Манай энүүгээр хятадууд их. Хүний наймааны золиос болгочих вий гэж айх юм. Зээлээ дуусгаад газар худалдаж авах мөнгөтэй болчихвол эндээс нүүж, төв бараадна.
С.Баасанбаярынхаас гараад тэдний манадаг уурхайн ам руу очиж, энэ өдрийн ажилчдын ахлагч Алтансүхтэй уулзлаа. Тэрбээр их уурхайн анхны даргын ач хүү гэдгээрээ ихэд бахархаж байсан. Эхнэр охины хамт амьдардаг аж. Хоёул ажил хийдэг учраас амьдрал нь боломжийн гэсэн. Түүний мөрөөдөл эзэмшсэн эксваторын жолооч мэргэжлээрээ том уурхайд ажиллах явдал. Гэвч өөрийнх нь хэлснээр, англи хэлний мэдлэггүйн улмаас том уурхайн шалгуурт тэнцдэггүй гологддог юм байх.
Налайх дүүргийн хүн амын 95 хувь нь уурхай түшиглэж амьдардаг гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Тодруулбал, нинжа хүүгийнхээ, нөхрийнхөө, дүүгийнхээ амь насаа дэнслэн байж олж ирсэн тав арван төгрөгийг харж амьдардаг юм билээ. Тэдний амьдралыг нөгөө өнцгөөс харвал өглөө ажилдаа явсан хүн орой эргэж ирэх эсэх нь бурхны таалал. Халуун амь, залуу насаа хайрлан өөр ажил эрхлэе гэвч ажлын байр олдохгүй нь гачлантай. Аргагүйн эрхэнд газрын гүн рүү мөлхөж одно. Харин нэгэн цагт Налайх уурхай шиг уурхайтай байж. Кинонд гардаг шиг уурхайчид өглөө автобусаар ажилдаа “морилж” хувцсаа солин, аюулгүй ажиллагааны дүрэмтэй танилцан гарын үсэг зураад тусгай лифтээр газрын гүнийн уурхай руугаа орох жишээтэй. Техник тоног төхөөрөмж, технологийн хувьд уурхайчны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зориулагдсан байдаг байж. Байж гэхийн учир өдгөө бүх зүйл үлгэр мэт жаргасан.Уурхайчид лифтээр бус гар аргаар хийсэн гурван метрийн урттай тэвшиндээ сууж аваад уулын уруу чаргаар гулгаж байгаа хүү шиг л уурхайн гүн рүү одно. Тэвш гэж социализмын үед хийгдсэн төмөр поошгийг тэнийлгэн юм угаадаг ванн хэлбэрт оруулж гагнасан тэвшинцэр. Ийм л нөхцөлд тэд ажиллаж амьдарч байна лээ. Өглөөн нарнаас үдшийн бүрий тасартал 80 -200 метрийн гүнд ажиллаж гэмээнэ өдрийн 20 мянган төгрөгтэй гэрийн бараа харна. Биднийг хүнд, ажлын баталгаагүй нөхцөлд ажилладагийг нь гайхан шогшроход тэд “ Харин ч айх аюул холдоод байна. Бид чинь хамгаалалтын малгай, хантааз, чийдэн, агаар дамжуулах даавуун хоолойтой болоод байгаа. Харин тросс л жаахан тиймхэн” гэцгээсэн. Дүүргийн зүгээс аюулгүй ажиллагаан дээр хатуу шаардлага тавьж, Мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналт дор үйл ажиллагаа явуулдаг болсноор жилд гарах ослын тоо буурсан аж. 2011 оны гуравдугаар сарын байдлаар тус дүүрэгт 194 аж ахуйн нэгж нүүрс олборлох тусгай зөвшөөрөл авсан байна. Гэвч тэдний ихэнх нь тусгай зөвшөөрлөө хятадуудад худалдчихсан байх юм. Уурхайн туурингаас урагш хэсэг тэр чигээрээ хятад эзний өмч. Эзэмшил газарт нь хөл тавьсан монголчууд цогцос болохыг үгүйсгэхгүй гэнэ лээ. Хятадууд монгол хүнийг мал шиг үзэн ажлын маш хүнд нөхцөлд хямд хөлсөөр уртасгасан цагаар ажиллуулдаг байна. Харийнханд хөдөлмөрөө мөлжүүлдэг ажилчид бүгд “цагаачид”. Өөрөөр хэлбэл Налайхад түр хугацаагаар оршин сууж буй бусад аймаг, сумдын иргэд. Тэдний юм мэдэхгүй, ажлын байр олддоггүй байдлыг хятадууд хэрхэн ашиглахаа сайн мэддэг бололтой. Хятадууд ажлын байрандаа засвар үйлчилгээ хийхээр завсарлага авдаггүй учраас дөрвөн цагийн эргэлтэд нүүрс гаргаж, түүнийгээ зах зээлд өөрсдийн тогтоосон үнээр нийлүүлэн дураар авирладаг аж. Энэ байдлаас үүдэн “Та бүхэн өөрсдөө лиценз эзэмшиж болдоггүй юм уу. Заавал хятад эздээс газар эсвэл уурхайн ам түрээслэх ёстой гэж үү” хэмээхэд “Бидэнд лиценз худалдаж авах хэмжээний мөнгө байхгүй. Бидний ар талд төрийн эрх мэдэл бүхий том хүн байхгүй учраас бүтэшгүй зүйл гэцгээж байсан.
Налайхаас буцах үед энэ нутгийн хөрсөн дор 50 сая тонн нүүрс буй гэхээр хар алтны төлөөх дайн лав ойрын 15 жил үргэлжлэх юм байна. Тэгэхээр Налайхын хөндийн дүр зураг үүнээсээ ч дор болж мэднэ гэх гунигт бодол төрсөн. Гэхдээ налайхчуудын амьдрал жилээс жилд дээрдэж буй нь өнгө алаглан шинээр сүндэрлэсэн хувийн орон сууц, гудамжаар нь хөлхөлдөх тээврийн хэрэгслээс нь харагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Эцэст нь тэмдэглэхэд, мөнгө дагасан нулимс олон эмэгтэйг бүү зовоогоосой гэмээр байна. Энэ нь цаг бусын осол эндэгдлээс гадна ухаан муутай эрчүүдийн ойворгон явдлыг хэлж буй хэрэг. Америк орны түүхэнд алтны нинжа нар бус тэдэнд үйлчилдэг бизнес л хөгжсөн түүх энд давтагдах вий. Булан тойроод л байх жижиг зочид буудал, архины дэлгүүрүүдийн тоог цөөлөх юмсан. Яая даа, байз.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин