Байтын босоо аваргууд

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Байтын босоо аваргууд

Будант Албьоны нийслэл Лондон хотноо үргэлжилж буй зуны XXX олимпийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн багийн тэмцээн өчигдөр болж, БНСУ-ын тамирчид түрүүллээ. Тэд ийнхүү олимпийн түүхэн дэх гайхалтай амжилтаа үргэлжлүүлж, олимпийн алтан медалийг долоо дахь удаагаа дараалан хүртэж буй ажээ.

1988 оны Сөүлийн олимпийн наадмаас эхлэн байт харваа олимпийн хөтөлбөрт багтах болсон цагаас хойш Өмнөд Солонгосын эмэгтэй тамирчид багийн харваанд тасралтгүй аваргалж, Лондонгийн байт сурын талбайд ч мөн босоо аварга гэдгээ батлан харуулав.

И Сун-Жин, Ки Бо-Бэй, Чой Хёнжү нарын бүрэлдэхүүнтэй өрсөлдсөн БНСУ-ын тамирчид шигшээ харваанд Хятадын багийг 210:209 харьцаатай хожсон байна. Хятадын багт Чен Мин, Фан Юйтин, Сью Жин нарын тамирчид багтжээ. Тэдний хувьд ийнхүү гурав дахь удаагаа финалд бүдэрч, БНСУ-ын багт хожигдсоноор мөнгөн медаль хүртэж буй гэнэ.

Харин хүрэл медалийг Японы тамирчид хүртжээ. Тэд медалийн төлөөх харваанд ОХУ-ын багийг 209:207 харьцаатай ялж, түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийн багийн харваанаас медаль хүртсэн байна.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж