Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны XXX олимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Олимпийн хөтөлбөрийн дагуу өнөөдөр спортын долоон төрөлд 12 багц медалийн эзэд тодрох юм байна. Тодруулбал, усанд үсрэлт, туялзуур сэлэм, гимнастик, жүдо, буудлага, усанд сэлэлт болон хүндийг өргөлтийн төрөлд олимпийн алт, мөнгө, хүрэл медаль эздэдээ очих ажээ.
Усанд үсрэлтийн төрөлд эрэгтэйчүүдийн 10 метр, туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн "epee" төрөл, уран сайхны гимнастикийн эрэгтэйчүүдийн багийн төрөлд аваргууд тодорно. Мөн усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлт, 100 метрийн мэлхий сэлэлт, харин эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий, 100 метрийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд медалийн эзэд тодрох хуваарьтай байна.
Мөн өнөөдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг болон эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн барилдаан болж, олимпийн медаль эздэдээ очно. Тус хоёр жинд Монголын тамирчдаас ОУХМ С.Ням-Очир 73 кг-д, ОУХМ Д.Сумъяа 57 кг-д зодогдох билээ.
Түүнчлэн буудлага спортын эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд аваргууд тодорно. Энэ төрөлд Монгол Улсын тамирчин Н.Баяраа онч сорино.
Олимпийн хуваарийн дагуу мөн өнөөдөр хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 62 кг, эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд медалийн эзэд тодрох ажээ.