Ерөнхийлөгч тамирчидтай уулзав

Хуучирсан мэдээ: 2012.07.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч тамирчидтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцож буй монголын тамирчидтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Лондон 2012” зуны 30
дугаар олимпод оролцож буй монголын баг тамирчидтай Лондон дахь
тамирчдын хотхонд өнөөдөр уулзлаа. Тамирчдын хотхонд Монгол Улсын
Ерөнхийлөгчийг Монгол Улсын Шадар сайд, “Лондон 2012” зуны 30 дугаар
олимпийн наадмын монголын багийн ахлагч М.Энхболд, Монголын Үндэсний
олимпийн хорооны дарга З.Загдсүрэн, Биеийн тамир спортын газрын дарга
Ч.Наранбаатар нар угтав.

“Лондон 2012” олимпийн наадамд спортын 7 төрөлд 29 тамирчин өрсөлдөж
байна. Монголын тамирчид бэлтгэл сайн, сэтгэл санаа өөдрөг, амжилт
гаргана гэсэн итгэл найдвар дүүрэн байгаагаа төрийн тэргүүнд хэлж байв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпод оролцож буй тамирчиддаа амжилт хүсч,
олимпод улсаа төлөөлж оролцох нь чухал, амжилт гаргах нь бүр чухал гээд
Лондонгийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулахыг тамирчиддаа уриаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зочноор дагалдан явж буй Монголын Бурхан
шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, Монгол
Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга
Э.Бадар-Ууган нар мөн тамирчдад амжилт хүсэв.

Зуны 30 дугаар олимпийг Үндэсний олон нийтийн телевиз, Боловсрол
телевиз, UBS, ТВ5, NTV телевиз газар дээрээс нь шууд дамжуулан үзүүлж
байна.



Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж